ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТӨРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН
Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй.
Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.
... Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ. Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ.
Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна. Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна” хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь “Нууц товчоо”-нд “...Гоо Үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болов. Зарчимтай Үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм. Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.
Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ. Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм. “Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхугтанийн зөв” хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв. Мөн “Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ. Плано Карпини “Монголчуудын түүх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан...” гэжээ. Үнэхээр тийм байжээ. Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна.
Үүнд -Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат -Батын улсаас нэг ноён, -Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна. Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд -Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж – Куридай, -Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай, -Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна. Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ. Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ. Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж “Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм.
Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв. Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа. Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм. Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “... Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. ... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг” гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм. Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу. 1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан.
Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм. Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/ тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныханы эсэргүүцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагүй урсгасан юм. /Тэгэхэд Мөнх алтан ургийн 75 хүнийг цаазалсан/ Энэ үед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мөнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Өгөөдэй, Цагаадайнханы үр удмынханыг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургүйцэж отгон хөвүүн Аригбөхөөн дагаж төрийн хэргээс хөндийрөн Хархориноос баруун хойгуур, Орхон мөрний цутгалан болох Жарантай, Цагаансүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбөх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхүү төрийн хэргээс хөндийрснөөс хойш нас барах хүртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дөрвөн зүг, найман зовхисоос Хархоринд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өргөж, түгээл түгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар түүний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Өндөрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бүх хаан хөвүүдийг тэр газарт оршуулсан гэснээс үзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хөвүүддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ. Сорхугтани хатан газар газрын шашинтан, түмэн олонд энэрэл нигүүлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган өлгий шижир алтан өгөөд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мөргөлтний мянган хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мөргөлтөнүүд Сорхугтани бехийг дурсахын төлөө тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины үр хүүхдүүдийг боловсруулж байгаа гэжээ. Өдгөө Бухар хотод хөл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ түүхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сүүлийн жилүүдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна. Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр өгүүлсэн гэгдэх “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол төрийн чинхүү бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж төрийн их хөлгөн судрыг бүтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм. Гэвч Өгөөдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Өгөөдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Монголын төрийн уламжлалт хар хайрцагны бодлого, төрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан өргөх зүйл байхгүй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан өмнөх 3 боть номын амин чанарыг түүвэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мөнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан өргөсөн байна. 1251 онд хэлэгдсэн энэхүү бүтээл эдүгээг хүртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн үрэгдэлгүй хадгалагдан ирсэн түүх нэн сонирхолтой юм. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ийнхүү Хөхнохой овогтнууд арван таван үеийн туршдаа уг номыг өртөөлөн цээжилсээр өдгөө цагт үрэгдүүлэн гээгдүүлэлгүй авчирсан нь энэхүү овгынхны үндэснийхээ соёл, түүхийн өмнө байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаач шинжээчдийн өмнө дэлгэн тавьжээ. Одоо гагцхүү энэхүү “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны үеийн Монголын түүх, төрийн бодлого төдийгүй ахуй, хэл, соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхүүн зоримог судлаачаа хүлээж буй ажээ. Энэхүү бүтээлийг сөхөн үзвээс мөр толгой холбосон цэцэн цэлмэг үг хэллэг төдийхөн бус ертөнцөд төр оршихуйн, хүн оршихуйн нууцыг уран яруугаар өгүүлсэн гүн сэтгэлгээ захын мөрт буй нь мөнхүү давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн төгөлдөр байжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.
Тухайлбал:
“Хяруул, гөрөөс идэх заяагаарАрслан барс болсон бөгөөтөл
Хүчгэнэ туулай хөөгөөд цадах юу
Аргаль янгир идэх заяагаар
Чоно, ирвэс болсон бөгөөтөл
Чогчиго, бохишорго барих юу,
Төрөөр иргэний бадраах үүрэгтэй бөгөөтөл
Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ. Гэх мэт байна.