Уншиж байна...

зайран А.Алтангэрэл:
Би тэнгэр хийгээд тийрэнг ялгаж чадна
-Таныг манай уншигчид “Зөнбилгийн тулаан-6”-д амжилттай оролцсоноор тань сайн мэднэ. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Аюулгүйн Алтангэрэл гэдэг. Би айлын ууган хүү л дээ. Миний аав Гомбосүрэнгийн Аюулгүй нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын иргэн, 9 хүүхэдтэй айлын ууган хүү. Миний ээж Пунцагдуламын Эрдэнэчимэг Сэлэнгэ аймгаас гаралтай боловч Хөвсгөлийн дархадын удмын хүн, мөн л 9 хүүхэдтэй айлын ууган охин. Би СБД-ийн улсын тэргүүний 58-р сургуулийг 1998 онд дүүргэсэн. Эхнэр, хүү, 2 охины хамт амьдардаг.
-Таны бөөгийн уг хүүхэд байхаас тань мэдрэгдсэн үү. Тэмцээнээс харахад нэлээд чадалтай бөө шиг санагдсан. Манай уншигчид ч таньтай уулзах хүсэлтийг их ирүүлэх болсон?
-Би хүүхэд байхдаа их даруу төлөв хүүхэд байлаа. Гэвч 17 наснаасаа хойш элдэв зодоон цохионд оролцоод, ээж аавынхаа чихийг их халууцуулж цагдаагийн үүд сахидаг хүүхэд болж хувирсан. Ер нь “болдоггүй” нөхөр болж догширсон гэх үү дээ /инээв/. Тэгэхэд ээжийнхээ ээжийнд нагац ах Хосбаяр, нагац эгч Отгончимэг нартай СБД-ийн 18-р хороо Бэлхийн 37-р гудамжинд амьдардаг байсан юм. Энэ үед манай хойд хашааны эмээ бурхан болж, нөгөө эмээгийн сүнс орж ирж байгаа нь надад харагддаг, бас байнга хамраас цус гарч ухаан алдаж ундаг, гэртээ орохоор л хий юм харагдаж орохоос дургүй хүрдэг болсон. Эмээдээ “-Хий юм харагдаад байна” гэж хэлсэн чинь “-Бузартчихаж” гээд бөөн юм боллоо. Цагдаагийн үүднээс салдаггүй сахилгагүй намайг Одбаяр ах Хосбаяр ах нар маань мөн ч их хөөцөлддөг байсан даа. Энэ далимаар хоёр ахдаа маш ихээр баярлаж явдгаа хэлье. Бөөгийн шинж тэмдгийн хувьд хүн бүрт өөрөөр илэрдэг юм билээ. Миний хувьд элдэв юм хараад, хэрэг төвөгт орооцолдохоор нь манай гэрийнхэн хүнээр үзүүлсэн чинь “Бөөгийн угтай” гэсэн. Тэр үеэс зан төлөв маань урьдын хэвэндээ орж, үнэхээр бөөгийн угтай эсэхээ мэдэх гэж олон хүнээс асууж, сурч үзлээ. Тухайн үед Багшийн дээд сургуулийн ойролцоо зоос татдаг, 70 гарсан настай өвөөгөөс асуусан чинь “Хүү минь чи тэнгэрийн 7 тамгаар тамгалуулсан эгэл биш хүн байна шүү дээ” гэсэн. Үнэхээр намайг 17 той байх үед гэнэт нуруун дээр минь 7 бурхан хэлбэртэй мэнгэ гарч, тодорч бүдгэрээд байдаг болсон. Тэгэхэд тэр өвөөд л маш их итгэж бөөгийн угтай гэдэг нь үнэн юм байна даа гэж бодох болсон. Төд удалгүй эхнэр хүүхүүдтэй болж, санасан ажил бүтээд ажил амьдрал минь сайхан болж байна.
-Таны удамд онгод шүтээнтэй хүн байсан уу?
-Миний өвөөгийн аавын ярьснаар, дээшээ тав дахь удамд том зайран хүн байсан юм билээ. Ээжийн талд ч том лам, тайж, ноёд байсан гэдэг. Одоо надад улааны, харын, цагааны сахиусууд буудаг. Улааны сахиус гэдэг нь манай эмээгийн өвөг дээдэс лам, хуварга хүмүүс байсан нь дээд тэнгэртээ морилоод улааны сахиус болж надад бууж ирдэг. Аавын талын дээдэс зайран, удган хүмүүс байсан учраас хар, цагааны сахиус болж энэ цаг үед үр хүүхэд бидэндээ ирж байгаа юм. Харын тэнгэрүүд улаач дээр олон буугаад ирэхээр үйл хийхдээ хүчирхэгждаг. Харин цагааны сахиусууд цөөн буувал толгой тэнгэр цагаан байлаа гэхэд харын тэнгэр 3 дараалан буувал толгой тэнгэрээ дийлдэггүй гэдэг юм билээ.
Үүнийг өөрийн сахиусны хийсэн үйлээс хараад л ойлгодог. Миний онгодууд олон хүнийг хэвтэрт байхад нь босгож, хэд хэдэн хүнийг архинаас гаргасан. Одоо тэд маань сайхан амьдарч байна.
-Толгой тэнгэр болон хар, цагааны тэнгэрийн учрыг тайлбарлахгүй юу?
-Эцгийн талыг ясан тал, эхий талыг цусан тал гэж үздэг. Эцгийн талаас буусан тэнгэр нэрээ хэлдэггүй жамтай. Өргөө гэртээ очиж улаачаа сорьж, өргөө гэрээ сонжиж, 3 жил буусны дараа 55 тэнгэрт байна уу, зууны 44 тэнгэрт суудалтай юу гэж өөрийнхөө нэр алдрыг хэлдэг учиртай. Бөөгийн шашин нь харын тэнгэр буюу цагааны тэнгэр гэж хосолдог. Тэднийг хянаж захирдаг 33 тэнгэр буюу улааны тэнгэр гэж бий. 99 тэнгэр гэж хамгийн дээд тэнгэрийг 13 ноёд захирагддаг. Энэ арын 13 ноёны эзэн гэж бас байдаг. Зарим бөө нар арын 13 ноёны нэг нь буудаг гэдэг. Тэгвэл түүнд хаан тэнгэр бууж байна гэж ойлгогдохоор байна. Тэр том тэнгэр бөөгийн ёс жаягыг дээдэлдэггүй хүмүүс бууж байна гэвэл бас л эндүүрэл болно шүү дээ.
-Онгод сахиусаа олон буулгахаар улам хүчтэй болж, энгийн үедээ ч зургаа дахь мэдэрхүйгээрээ хардаг юм билээ. Таны хувьд?
-Тэр үнэн. Миний хувьд өөрийн 6 дахь мэдэрхүйг ашиглаж, үзэх гэж байгаа хүнийхээ нүд рүү харж байгаад хариултыг мэдрэмжээрээ хэлж өгдөг. Мөн угтай хүнийг харахад л андашгүй байдаг болохоор шууд мэднэ. Сайн үзэж лавшруулахгүй бол хүний амьдралаар тоглох болно шүү дээ. Зарим нэг нь бузрын газар очиж бузартаад ухаан алдаж унадаг өвчин тусчихсан, сүнс хараад айчихсан хүнийг “Чи онгодоо харсан байна” гэж худлаа хэлж “Угаа ав” гэж хэдэн сая төгрөг авч албин тийрэн, сүнстэй нь холбочихоод хэнэгч үгүй байдаг хүмүүс нь их болжээ. Бүр Чингис хааны 9 өрлөгийн сүнс бууж ирлээ, тэр энэ хатад, хаадын сүнс буулаа гэж ярих юм. Үүнийг би эрс үгүйсгэдэг. Тэр тэнгэр заяатай хүмүүс удам судраа хараад бууж ирдэг байлаа гэхэд цаг хугацааны хувьд хэзээ ч таарахгүй. Ер нь бөө болсон хүн бүр тэр хаад, ноёд, тайж буулаа гэж ярьдагийг их гайхдаг. Бөөгийн онгод сахиус өмнө төрөлдөө 3 сайн буян хийж, тэнгэрийнхээ 3 шалгуураар шигшигдэж, дээд тэнгэртээ тэнгэр болж үлддэг юм гэсэн. Хүн төрөлдөө өөрөө хоосон хонож байхдаа өөрөөл бусдад хоолоо өгчихөөд, хоосон хонож, буян болсон хүнийг дээд тэнгэр харж, тэнгэр болгох шалгууртаа оруулдаг юм. Хар ухаанаар бодоод үзэхэд ч хүн төрөлдөө дутуу, хатууг үзээгүй ноёд, тайж нар харц ардаа зодож, занчихаас эхлээд нүгэл үйлдснийхээ хирээр дээд тэнгэртээ эрүү шүүлтэнд орж, нүгэл буянаа дэнслүүлж л таарна. Тэдний хүн насандаа буян үйлдсэн нь эргэлзээтэй л баймаар байгаа биз дээ. Тэр бүх дээд тэнгэрийн шүүлт шалгуурыг даваад энэ төрөлд ирэхэд 500-600 жилийн хугацаа орох байх гэж тооцож болно.
Миний тэнгэрүүдийн толгой тэнгэр нь бууж ирээд “Би хүн төрөлдөө гурван сайхан буян хийсэн” гэдэг. Нэгд нь “Би хундан цагаан хонь ээждээ хүргэж өгөх гээд явтал гурван өнчин хүүхэдтэй эх хүн таарахад нь жаахан борц өгч, ээж нь тэр борцыг гурван хүүхэддээ өгчихөөд өөрөө хоосон хоцорсон. Тэгээд тэр ээжийг өрөвдөөд нөгөө хонио тэдэнд өгсөн. Энэ нэг буян. Нөгөө нь холын зам туулж, өлөн зэлмүүн явсан бадарчин ирэхэд “Багахан ч гэсэн хоол өгөөч ээ” гээд ихээр үнэлэгдэх алт өгөөд гуйхад нь өөрийнхөө өлийг дөнгөж залгах үмх махаараа хоол хийж өгөөд, алтыг нь авалгүй явуулсан. “Эцсийн гурав дахь буяныг улаач хүү минь чи өөрөө олоорой” гэж хэлсэн. Би одоог хүртэл олоогүй л байна. Энэ бүхнээс судалж үзэхэд дайн дажин хийж явсан цэрэг жанжинууд, харц ардыг зарж, мөлжиж байсан ноёд тайжууд дээд тэнгэртээ тэнгэр болж үлддэггүй гэсэн үзэлд хүрсэн.
-Бөөгийн заслын зан үйлд галын тахилга гэж байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Галын тахилга нь 3 том үйлийн нэг. Уул ус, газар шороо, хангай дэлхийгээ тахиж, аргадах үйлийн дараа галын тахилга орно. Гал тахилга гэдэг нэгэн айлын бүх муу муухай үйлийг холдуулах засал хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл буян хишиг, ханийн заяа, үрийн заяа дуудах, хараал жатга, атаа жөтөөг ерөөлөөр хариулна гэсэн үг. Энэ заслыг тэр айлын эцэг эх гал голомтон дээрээ хийлгэхэд л тухайн айлаас гал үүсгэсэн бүх үр хүүхдэд нь хүрч үйлчилдэг сайн засал. Зарим бөө нар засал домыг буруу хийж, тухайн хүний амьдралд саар нөлөө үзүүлж байгаад миний сэтгэл их эмзэглэдэг. Хэдхэн төгрөгт шунаж, уг сахиустай нь биш албин тийрэнтэй холбож байна. Над дээр Б гэгч залуу өөрийнхөө амьдралыг үзүүлэх гэж ирсэн. Би үзэж байгаад “Чи нэг л болохгүй юмаар тоглож наадаад байна” гэхэд “Би нэг жилийн өмнө угаа авсан зайран байна” гэсэн. Миний онгодууд “Чи тоглох юмаараа тогло, чамд онгод сахиус алга, тийрэн зайлцан байна” гээд 3 өдөр бөөлж, бүх хуяг дуулгыг нь ууланд аваачиж шатаагаад засал домыг нь хийж өгсөн. Тэр залуу буруу уг авч бие нь өвдөж, ажил үйлс нь бүтэхгүй байсан. Одоо бүх үйлс нь бүтээд сайхан амьдарч явна. Ингээд бодохоор олноор төрж буй мөнгөний бөө нарт хандаж хэлэхэд “Битгий мөнгөний төлөө хүний амьдралаар тоглооч ээ” гэж гуймаар байна. Хэзээ нэгэн цагт та өөрөө болон тэр сайхан онгод сахиусаа дээд тэнгэрийн эрүү шүүлтэнд оруулах болно шүү дээ гэж хэлмээр байна.
-Тэнгэр, тийрэн хоёрын ялгааг сайн гаргаж хэлэхгүй юу?
-Хэнгэрэг, хэцийн дуунаар онгод сахиусаас гадна тэнэсэн олон тийрэн ороод ирэх тохиолдол их бий. Ер нь тэнгэр 100 хувь байлаа гэж бодоход тийрэн 99 хувь нь тэнэж явдаг. Тэгээд хэнгэрэг хэцийн дуунаар нөгөө тэнэсэн тийрэнгээс ирээд наалдчихдаг. Тийрэн чинь эхлээд бие олж буугаад тэнгэрийн аалиа гаргаж байгаад дараа нь тийрэнгийнхээ аалийг гаргаж, тухай хүний аж амьдралаар оролдож эхэлдэг. Тэнгэрийг хайна гэдэг чинь бухал өвсөн дотроос зүү хайхтай адил. Тэнгэр гэдэг чинь улаачаа сонгож сонжих, тамгалахаас эхлээд маш олон шалгуур тавина. Миний хувь тэдгээр тэнгэр хийгээд тийрэнг ялгаж чаддаг учраас “Зөнбилгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байхдаа 22 настай охины сүнсийг дуудаж ээжтэй нь уулзуулсан. Тухайн үед улаач миний бие өөртөө итгэл муутай байхад, тэнгэрүүд маань итгэл дүүрэн байсан. Дараа нь миний тэнгэрүүд итгэл төгс байж чадсангүй гэж намайг манжигдсан /инээв/. Гэтэл нэврүүлгийн шүүгч болон тэр охины ээж нь талийгаачийн сүнс мөн байсан гэж баталсан. Ер нь би өөрт буудаг өвөг дээдсээ маш их хүндэлж явдаг. Онгод сахиусанд баатар жанжин, хаад, хатад бууж ирлээ гэж ярьдаг. Дахин хэлэхэд хүн төрөлдөө хүнийг захирч, ямбалж байсан хүмүүс энд буухдаа мөнөөх л эрх ямбийн зангаараа байгаад засал үйл хийж чадахгүй л болов уу. Эргэлзээтэй шүү.
-Энэ бүхнээс ялгаж салгахад бөөгийн шашинд залж оруулах багшийн үүрэг чухал нөлөөтэй. Таны өөрийн багш ямар хүн байдаг вэ. Та шавьтай юу?
-Миний багш бол ээжийн маань төрсөн дүү П.Туяа гэдэг удган бий. Багшийн маань хүү “Зөнбилгийн тулаан-5” тэмцээний шидэг 4-рт шалгарч байсан М.Төмөрчөдөр зайран. Ээжийн талын удамд том лам, ноёд, тайж нар байсан гэж өмнө нь би ярьсан даа. Тэгээхр бид нэг удмын бөө нар. Миний хувьд угтай гэдгээ мэдсэнээс хойш 10 гаруй жил болсон. Угаа аваад 6 жил болж байгаа ч өөрийгөө зайран гэх болсон нь сүүлийн 3 жилийг хэлнэ. Гарын 4 шавьтай. Босгосон бөө нараа нэг бүрчлэн тоочвол нилээд олон хүн бий. Шавь оруулахдаа сайн харж, тунгааж байж бөөгийн үйлийг зааж сургахгүй бол эргээд тухайн хүний удамд болон өөртөө муу үйлийг үлдээдэг. Миний сахиусууд үзсэн, үйлийг нь хийсэн хүмүүсээс гар хардаггүй. Харин 4 сайн шавиасаа хундан цагаан хонь нэг, мөнгөн аяга дөрвийг авч босгосон. Анх шавиасаа уг барьцийг авахад маш их бэлэгшээсэн. Маргаашнаас нь л миний ажил амьдрал цэгцэрч, хөөрхөн охин минь мэндэлж, амьдрал маань дээшилсэн. Тэр бүхэн хэдийгээр өргөл барьц болов ч миний хувьд өөдөлж дээшлэхийн бэлэг дэмбэрэл учраас маш их бэлэгшээсэн. Гэтэл уг авахуулж шавь босгож байна гээд хэдэн арван саяаар нь авдаг хүмүүс их байна. Тиймээс уг авах гэж байгаа хүмүүс багшаа зөв сонгоосой, үйлээ зөв хийгээсэй гэж хүсч явна.
“Зөнбилгийн тулаан-6” тэмцээнд оролцсноор өөрийнхөө чадварыг дээшилсэн гэж үздэг үү?
-Миний зөн билэг, бөөгийн чадвар 50 хувьтай байсан бол тэмцээнд оролцсоноор 90 гаруй хувьтай болж өөрчлөгдсөн гэж боддог. Тиймээс далд авьяас, зөн билэгтэй чадалтай олон өрсөлдөгчидтэй өрсөлдөж, төгсгөлийн шалгаруулалтанд шилдгээр тодорч чадсандаа баяртай байна. Дашрамд дурьдахад өөрсдийгөө үзмэрч, лам, бөө, зөн билэгтэн олноороо төрөх болсон цаг үед чадвартайг чадваргүйгээс нь ялгаж тодруулдаг “Зөнбилгийн академ”-ийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Энэ тэмцээнд миний бусдаас ялгарсан гол онцлог бол сүнстэй холбогдож чаддагт байсан. Тэгээд эзэнгүй хэргүүд дээрх даалгавруудаа амжилттай биелүүлж, хамгийн хүчтэй өрсөлдөгч Намчин-Иш, Оюунчимэг, Хосбаяр, Дашдорж нартайгаа эн тэнцүү өрсөлдөж байлаа.
-Мэдээж хүн өөрийгөө сорьж, хөгжүүлдэг. Таны хувьд Оросын “Зөнбилгийн тулаан”-д оролцох уу?
-Өөрийгөө сорьж, чадвараа таниж мэдсэнээс хойш янз бүрийн тэр дундаа Оросын болон олон улсын тэмцээнд оролцох сонирхол байхгүй. Энэ удаад өвөг дээдсээ биш өөрийгөө сорих гэж, чадал чадвараа хэр хэмжээнд байгааг мэдлээ. Өөрийгөө бөө гэдгээ баталж, зөн билгийн мэдрэмжтэй гэдгээ нотолж чадлаа. Хүүхэд насандаа алдаж явсан бүхний учир шалтгааныг тайлсан учраас илүү их таниулах сонирхол байхгүй ээ. Харин Монголын ард түмэн надад итгэж, зориод ирвэл энэ биеийн өчүүхэн чадлыг зориулахад бэлэн байна.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

 

Бусад мэдээ

Apr 04, 2024 245

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 240

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 86

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 155

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/