Юм бүхэн задарч задгайрсан энэ цаг үед түүнд өртсөн нэг чухал зүйл маань монгол хэл бичиг болж байна. Өнөөдөр хүмүүс мэдлэг боловсролынхоо хэмжээгээр, дураараа буруу хазгай бичих болсон нь монгол хэл бичгийг урагшлан хөгжихөд биш, ухарч, замбараагүй цэгцгүй болоход хүргэж байна. Шуудхан хэлэхэд өнөөдөр хүчинтэй байгаа монгол хэл бичгийн дүрэм урьдын адил чанд үйлчилж, хэрэгжих боломжгүй болжээ. Энэ талаар эрхэм уншигч таны анхааралд дараах хэдэн зүйлийг хүргэж бага боловч журамлаж цэгцлээсэй гэж хүсч энэ бүхнийг нуршлаа.
Манайхан гадаад үгийг бичихдээ нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг болж. Тэдгээрийн нэг нь, монгол хэлнийхээ “у” үсгийг адалж шоовдорлоод хэрэглэхээ байлаа. Үлисс, Холливүүд, Болливүүд, Этвүүд, Волт Витман, Эдинбүрг, Страссбүрг, Петербүрг, Брандэнбүрг, Эдгар Снөү, Роллинг Стөүнс, фэйсбүүк, нөүтбүүк, Түнгүс, Түрк, Гэртрүд, Прүст, Лүйс, Лүйжи, Сэмүэл, Пөүп, Эдмүнд, “Макс Рөүд”... гэх мэтээр урьд “у”-гаар бичиж заншсан үгсийг бүгдийг нь “ү”-гээр бичих болж. Хятад, япон, солонгос хэлний үгсийг ч ингэж бичих болжээ. Хакүхо, Шикибү, Харүки Мүраками, Ясүнари, Гуанжөү, Ханжөү, Зинжөү, Гүйлин... гэж бичдэг болсон нь зөөлхөн хэлэхэд ёсгүй, журамгүй болсны илрэл, хатуу хэлвэл бүдүүлэг алдаа мөн.
Уг нь Улисс, Холливууд, Атвууд, Уолт Уитман, Эдинбург, Страссбург, Петербург, Бранденбург, Эдгар Сноу, Роллинг Стоунз, фэйсбуук, ноутбуук, Тунгус, Турк, Хакухо, Шикибу, Харуки Мураками, Ясунари, Гертруда, Пруст, Луис, Луижи, Сэмуэл, Поуп, Эдмунд... гэж бичдэг байсан, журам дүрэм нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Олон арван жил нэг янзаар бичиж хэвшин, хүмүүсийн ой санамжид тогтчихсон бичлэгийг өөрчлөх нь сөрөг үр дагавар авчрах төдийгүй, наад зах нь “Энэ ямар үг вэ, өнөөх үг мөн үү, биш үү?” хэмээн эргэлзэхэд хүргэнэ.
Өөр нэг зүйл бол, монгол хэлэнд гурвалсан эгшиг байдаггүй. Хос эгшиг л бий. Гэтэл хятад хэлнээс орчуулсан ном хэвлэлд гурвалсан эгшгээр бичсэн үгс их тохиолдох болж. Жишээлбэл, юүэ, яао, миао, лиао, шиао, биао гээд өчнөөн жишээ татаж болно. Монгол хэлний дотоод хууль, ёсзүйгээр бол ийм гурамсан эгшиг байхгүй. Ганцхан гуай гэдэг үг бий. Энэ бол бугай, абугай гэдэг авгайлах үгийн сунжирсан бичлэг. Бас хуайс гэж модны нэр бий. Энэ бол хуайшу гэсэн хятад үг. Монгол хэлний ю, я, е, ё үсгүүд бол хоёр авианаас бүтдэг. “Я” гэхэд ард нь “а” авиа сонсогдож байгаа. “Ю” гэхэд ард нь “у” юм уу, “ү” сонсогдоно. Энэ мэтчилэн “е” гэхэд ард нь “э”, “ё” гэхэд” о” сонсогдоно. Ийм байхад заавал яао, юүэ, ёоу, лиао гэж бичих шаардлагагүй. Яо, юэ, ёу, ляо, сяо, шяо гэхэд л болно. Тэгж ч журамлаж ирсэн. Энэ мэтчилэн хятад хэлний жоу гэдэг үгийг жөү, доу гэхийг дөү, бу гэхийг бү, су гэхийг сү гэж бичих болсон нь тэр бүр зөв биш ээ. Дээрх жишээнүүдээс харахад, өнөөдөр бид “у”, “я”, “е”, “ё” үсгүүдийг шооворлож, хэрэглээнээс шахаж гаргах бодлого баримталж байгаа юм шиг байдал илтэд ажиглагдах боллоо. Сүүлийн үеийн ном, хэвлэлүүдээр Лю гэхийг Лиү, Сю гэхийг Сиү, эсвэл Сьү, Тяньжин гэхийг Тианжин, Тунляо гэхийг Тунглио, Чөндө гэхийг Ченгдэ, Чанзян гэхийг Чангзиан, ... гэж бичих болсон нь халаглалтай.
Саяхан Улаанбаатарт Хятадын Ляонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон. Тэр үзэсгэлэнгийн зарлал дээр “Лиао нин” гэж бичсэн байсан. Энд 2 алдаа байна. Нэгд, өнөөх “я” үсэг алга. Хоёрт, нэг үгийг салгаж бичиж. Сүүлийн үед ийм алдаа түгээмэл болсон. Хонконг гэхийг Хон Конг гэж бичиж байна. Энэ бол нэг л газрын оноосон нэр. Тэгэхлээр Улаанбаатар, Өвөрхангай, Өндөрхаан, Дорноговь гэдэг шиг Хонконг гэж нийлүүлж бичих ёстой. Бид Улаан Баатар, Өвөр Хангай, Өмнө Говь, Өндөр Хаан гэж бичдэггүй. Гэтэл дээрх мэтээр Хятадын газар усны нэр, хүний нэрийг дандаа буруу бичиж байна. Луо Гуань Жун, Лю Цы Синь, Цао Сюэ Цин, Жу Рун Жи гэж бичих нь буруу юм. Энэ маягаар бол бид удахгүй То Кио, Ма Као, Шэнь Жэнь, Бээ Жин, Тиань Жин, Нань Жин, Шанг Хай, Хонг Конг гэж бичих вий. Тэгвэл Энх Баяр, Сүх Болд, Бат Тулга, Баяр Сайхан гэж бичсэнтэй ялгаагүй болно. Луо гэдэг нь тэр хүний овгийн нэр, Гуаньжун гэдэг нь өөрийнх нь нэр. Нэг газар, нэг хүнд оноосон нэрийг бид Өндөрхангай, Баянхонгор, Дорноговь, Цагаанхайрхан гэж, Энхбаяр, Сүхболд, Баттулга, Баярсайхан гэж бичдэг. Бао Юйлань гэдэг нэрийн Бао нь овгийнх нь нэр, Юйлань гэдэг нь өөрийнх нь нэр. Уншигчдад ойлгуулах үүднээс энэ нэрийг орчуулвал Хасмөчир гэдэг нэр болох бөгөөд Хас Мөчир гэж салгаж бичдэггүй.
Орчуулгаар дамжин тухайн хэл хөгжиж, баяжиж байдаг, ялангуяа тэдгээр орчуулгаар дамжин монголчуудын оюуны ертөнц тэлж, хөгжиж байгаа. Сэтгэхүй, сэтгэлгээ хөгжиж байгаа. Дэлхийн хөгжлөөс, хүн төрөлхтөнөөс хоцрохгүй хамт зэрэгцэн урагшилж яваа. Харин харь үг хэллэгийг хэвээр нь хэрэглэх нь яавч сайн зүйл биш. Аль болох монголчлохыг хичээх хэрэгтэй. Харин олон улсын дундын үг хэллэгүүдийг бол арга байхгүй, хэрэглэлгүй яахав. Жишээ нь спорт, спирт, сэйф, бокс, атлетик, автобус, машин, трактор, комбайн, автомат, пулемёт, феодализм, социализм, коммунизм, реализм, романтизм, театр, партизан, геополитик, геостратеги, цирк, банк, танк, нефть, механик, техник, технологи, ферм, фирм, анархизм, либерал... гээд олон үгийг бид хэвээр нь хэрэглэдэг.
Ер нь харь үг хэллэг аман ярианы хэлэнд хурдан орж хэрэглэгддэг, харин бичгийн хэлэнд ортлоо уддаг. Хэл шинжлэлд харь үг хэллэгийг шингэсэн үг, эс шингэсэн үг гэж ангилдаг. Аман ярианы хэлэнд хэрэглэгдэж байгаа үг бол эс шингэсэн үг. Харин бичгийн хэлэнд хэрэглэгдэж байгаа бол тэр үг тухайн хэлний үгийн санд орж шингэжээ гэж үздэг. Тиймээс уран зохиолын орчуулгад харь үг хэллэгийг бараг хэрэглэдэггүй, аль болохоор орчуулахыг зорьдог. Шингэсэн үг гэж урт удаан хугацааны туршид харь хэлнээс цаад эд юмсынхаа хамтаар орж ирж идэвхтэй хэрэглэгдсээр тухайн хэлний үгийн санд шингэсэн байдаг. Хятад хэлнээс газар тариалан, жимс ногоо, хоол хүнс, даавуу торгоны нэр томьёоны үгс хэдэн зуун жилийн хугацаанд монгол хэлэнд орж ирсэн нь ийм учиртай. Өнөөдөр тоор, интоор, халиар, жууцай, саа, дурдан, чисчүү, даалимба, цууямбуу, одончуу, үйтэнхуар, даалуу, үүлүү... зэрэг олон үгсийг хэлний мэргэжлийн биш хүн хятад үг гэж хэлэхгүй. Социализмын он жилүүдэд орос хэлээр дамжин олон улсын дундын үг хэллэг монгол хэлэнд их орж ирсэн. Өнөөдөр ардчиллын цаг үед ийм байдал хэрээс хэтэрчээ. Хэн дуртай нь харь гадаад үгийг хамаа намаагүй, чамирхаж мэдэмхийрч хэрэглэдэг болж. Хэлний засаглал байхгүй болж. Төр засгийн бодлого, журамлаж цэгцлэх үйл ажиллагаа орхигджээ.
Нэг зүйлийг онцлоход, манайхан гадаад үгийг зориуд монгол болгон хэрэглэх болж. Хэлний хуулийн жам ёсоор монгол хэлний үгийн санд орж ирээгүй үгийг зориудаар, аман ярианд хэлэгдэх байдлаар нь бичгийн хэлэнд хэрэглэх нь хүмүүст тэр гадаад үгийг шууд тулган хэрэглүүлж байгаа явдал мөн. Ийм үг олон байна: династи, антологи, вассал, спикер, брокер, дилер, кассет, коммент, контент... Тэр байтугай, эс шингэсэн гадаад үгийг монголчуудын хазгай буруу дууддаг тэр хэлбэрээр нь бичиж байна. Жишээлбэл, шэдэвэр, лүмпэн, дилэр, комэнт, контэнт, цэнтр... гэх болж. Цэнтр гэж бичсэн үгийг хүн яаж уншиж, юу гэж ойлгох бэ? Уг нь центр гэсэн үгийн е нь дээр дурдсанчлан “еэ” гэж уртаар дуудагддаг, тэгвэл монгол хэлний э үсэг богино дуудлагатай. Тэгэхлээр нэг бол центр гэж, эсвэл цээнтр гэж бичмээр. Энэ мэтчилэн дилер гэж, эсвэл дийлээр, контент гэж, эсвэл контээнт гэж бичих ёстой.
Уг нь шингэсэн үг бол байцаа, лууван, жууцай, зээтүү, жоотуу, хээл хахууль, сум, сүм, буу, бууз, хуушуур гээд хэн ч харь гадаад үг байна гэж мэдэхийн аргагүй, монгол хэлний хууль тогтолцооны дагуу хувирч зохицсон байдаг. Данхраад, астаачир, богоон, гоосудал, яавлаг, галавсаа, торт, моод, чимдаан, цүнх, хурандаа, харандаа, гүрэн, жаяг, саван, дэвтэр, зэрэг олон үгийг харь үг гэж хэлэхийн аргагүй монголжсон байх жишээтэй. Харин тэгж цагийн шалгуур, хэрэглээний шүүлтүүрийг туулж амжаагүй үгсийг зориудаар монголчилж хэрэглэх нь яавч зөв биш ээ.
Өөр нэг зүйл бол гадаад хүн, газар ус, эд юмны нэрийг монгол маягаар бичиж явдал. Архимед гэхийг Архимэд, Аристотель гэхийг Аристотэл, Америк-Амээриг, Харпэр Коллинз, Саймон Шүстэр, Пүлицэр, Бичэр Стөү, Виржиниа Вүүлф, Харри Поттэр, Мэдэя, Вэртэр, Орэстэя, Том Соир, Пэтрарк, Гобсэк, Вэнэсүэл, Франсис Фүкүяама/хоёр нэр хоёулаа буруу/, Фэн Шүй/уг нь нэг ухагдахуун учраас салгаж бичихгүй/, Жөү династи, Людвиг фон Мизэс, Хомэр, Чосэр, Албэр, Ибсэн гэж бичиж байгаа жишээ захаас аван тааралдана. Хэрэв ингэж болно гэхэд хүрвэл Москва гэхийг Мушгиа, Тамбов гэхийг Томбоов, Ростов-Оросдов, Тюмень-Түмэн гэж бичихэд хүрнэ. Монгол хэл бол өргөлтгүй хэл. Тиймээс гадаад хэлний өргөлттэй үеийг монголоор уртатгалтай дуудах ёстой. Тэгэхийн тулд Хомер, Чосер, Албер, Ибсен, Гобсек, Петрарк, Шустер, Пулицер, Бичер Стоу, Венесуэл, Фрэнсис Фукуяама, Медея, Орестея, Вертер, Том Сойер гэж бичиж байж сая уншигчид гадаад үг байна гэж мэднэ, гадаад үгийг өргөлт, уртатгалтай дууддаг журмаар зөв хэлж дуудна.
Манай зарим хүмүүс кирил үсгээр бичихдээ худам монгол үсгийн дүрмээр бичих оролдлого гаргадаг. Кирил монгол ч тэр, худам монгол ч тэр, аль аль нь өөр өөрийн дүрэм журамтай. Худам монгол бичгийн үсгийн дүрмийг тэртээ 13 дугаар зууны үед их эрдэмтэн Чойжи-Одсэр тэргүүтэн зохиохдоо эгшиг жийрэглэх ёс ч гэдэг, эгшгээр амилах ёс ч гэдэг дүрмийг гол болгон зохиосон нь мянга шахам жил өөрчлөгдөлгүй хэрэглэгдсээр ирсэн. Харин ак.Ц.Дамдинсүрэн кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичих журмыг гол болгон баримталсан байдаг. Чойжи-Одсэр бандида худам үсгийн дүрмийг зохиохдоо дорно дахины олон хэлний нийтлэг амин сүнс болох эгшиг жийрэглэх ёс буюу эгшгээр амилуулах ёсыг баримталсан бол Ц.Дамдинсүрэн 20 дугаар зууны эхэн хагаст кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо кирил үсгийн эх голомт болох слав хэлнүүдийн, юуны түрүүнд орос хэлний амь болсон ёсыг баримталсан нь тэр. Ер нь дорно дахины хэлүүдэд эгшгээр амилуулах хэлзүйн дүрэм зонхилдог бол өрнө дахины нэлээд хэлэнд яаж ярьдаг вэ, тэгж бичих дүрэм түгээмэл байдаг.
Ингэж хоёр өөр дүрэм журмаар бий болсон хэлзүйн дүрэмтэй хоёр өөр бичиг үсгийг хольж хутгах нь буруу юм. Чингэх нь ёстой л өнөөх, илжгэнд арслангийн арьс нөмөргөсөн үлгэртэй агаар нэгэн болж байна аа. Кирил монгол үсгийн дүрэмд сайжруулууштай, засууштай зүйл цөөнгүй бий. Гэхдээ л үндсэн гол амин сүнсийг нь эвдэж боломгүй. Жишээ нь, үгийн үндсийг хадгалах, гээгдэх эгшгийн дүрмийг эргэж харах гэх мэт шинэчлэл хийж болно. Харин худам монголоор ингэж бичдэг гээд нэгэнт тогтсон дүрэм журмыг үл хэрэгсэн хамаагүй, замбараагүй өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь: хони, мори, хани, сэтхил, гараг, багатур, баатуд, гэгээлиг, хатуулиг, уушги, эрвээхий, дэгдээхий... гэж бичиж болохгүй.
Дахин хэлэхэд, энэ хоёр бичиг бол хоёр өөр бичиг үсэг. Аль аль нь зөв бичих өөрийн гэсэн дүрэмтэй, тэр нь хууль. Худам бичиг нь эгшгээр амилах, эгшиг жийрэглэх үндсэн хуультай. Энэ бол ганц монголчуудын худам бичгийн үндсэн хууль биш, ерөөс нийт дорно дахины хятад, япон, солонгос, мөхсөн манж, түвд гээд олон улс үндэстний бичиг үсгийн голлон баримталдаг зарчим, үндсэн тогтолцоо юм. Энэ бол гийгүүлэгч үсэг бүхэн эгшиг жийрэглэж амилдаг ёс. Тийм учраас тэр дүрмийнхээ дагуу бичээд одоо цагийнхаа амьд хэлний дуудлагын дагуу дууддаг. Азийн тэр олон хэлний бичиг үсгийн дүрэм ийм. Худам бичиг ч тийм.
Өөрөөр хэлвэл, одоо цагийн үг яриаг найман зуун жилийн өмнөх үсэг бичгийн дүрмээр бичдэг гэсэн үг. Тэгвэл кирил монгол нь үндсэндээ монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичнэ гэсэн үндсэн хуультай. Гэхдээ энэ нь бас хэмжээ хязгаартай. Аман ярианы хэлэнд яаж ярьдагаа тэр чигт нь буулгаад байж болохгүй. Сүүлийн үед ийм байдал ихээхэн гарах болсон нь Монголын төрөөс хуульчлан баталсан одоо ч хүчинтэй хэвээр байгаа Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг эвдэж буй гэмт хэрэг мөн. Худам бичгийн дүрмээр худам бичгээрээ л бичих ёстой, кирил монгол бичгийн дүрмээр кирил монгол бичгээрээ л бичих хэрэгтэй. Хооронд хольж хутгаж, хуучин бичгээр ингэж бичдэг тул кирилээр ч тэгж бичих ёстой гэж болохгүй ээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар