Уншиж байна...

Хар сүлдийг их эзэн Чингис Хааны үеэс эхлэн ХХ зууны эхэн үеийг хүртэл тал нутгийн нүүдэлчин монголчууд ил, далд хэлбэрээр зуун зуунаар өртөөлөн тасралтгүй тахиж ирсэн талаар манай эрдэмтэн, судлаачид тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал Хар сүлд, Хар тугийг тахин шүтэж ирсэн ул мөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн хадны зураг, Баян-өлгийн аймгийн Цэнгэл сумын Шивээт хайрханы хадны зурагнуудаас гадна Говь-Алтай аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хөвсгөл, Дорнод аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Өвөр Монголын Ордос зэрэг олон газруудад тахиж байсныг дурьдаж болохоор байна.

Эрт дээр үеэс монголчууд аян дайнд мордохдоо " Хар сүлд "- ээ тахиж, ялалт амжилтаа даатган, хийморь сүлдээ бадраадаг байснаас гадна улс орны дотоодод гарсан үймээн самуун, хулгай дээрэм, нийтийг хамарсан бослого тэмцэл, халдварт өвчин тахалыг дарахад " Хар сүлд "-ээ догшруулан тахиж, саадтай саар бүхнийг дардаг байсан талаар түүхийн эх сурвалжуудад дурьдсан байдаг.
Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж, итгэл бишрэлийг бадраахын тулд Хар тугийг шинээр бүтээн залж, тахисан бөгөөд Жалайр овгийн Мухулай жанжинд хариуцуулсан бөгөөд Хар тугийг дайн байлдаанд залж явах, тахих болон догшруулах, байрнаас нь хөдөлгөхөд Мухулай жанжин болон түүний үр удмынхан гардан гүйцэтгэхийн зэрэгцээ өөр хүмүүс " Хар сүлд "- энд гар хүрч хөндөхийг цээрлэдэг байсан ажээ. Монголчуудын Хар сүлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга, зуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий.
Монгол Улсын Бүх Цэргийн Их Хар Сүлд.
Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр зарлигаар баталсан Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрмэнд “ Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн “ хэмээн тодорхойлжээ. 
Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос төрт ёс, түүхэн уламжлал сэргэж эхэлсэнээр Монгол төрийн Есөн хөлт цагаан сүлдийг бүтээхийн сацуу Эзэн Чингис хааны Хар сүлдийг шинээр бүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залахаар 1991 онд Батлан хамгаалах яамны захиалгаар Хар сүлдийн эх загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн ардын зураач М.Амгалан зурж, түүний урласан эх загвар зургийг БХЯ-ны сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БХЯ-наас ирүүлсэн санал, сүлдийн эх загварыг эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцээд, туг сүлдийг эх зургийнх нь дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгсөн ба Батлан хамгаалах яамны сайдын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Цэргийн сүлд, байлдааны тугийг бүтээн залах ажлыг зохион байгуулах комисс байгуулжээ. Бүх цэргийн Их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр болсон байна.
Бүх цэргийн Их хар сүлдийн титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 25.8 см урт гилбэр 6,6*10 см-ийн хэмжээтэй дөрвөн ган цэцэг, 3,5 см голчтой хоёр ган зангилаанаас бүрдэнэ. Гангаар хийсэн дөрвөн цэцэг нь монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхыг, хоёр ган бат зангилаа нь төр улс эв нэгдэлтэй, бат хүчтэй байхыг бэлгэднэ. Оройн гилбэр нь эртний монгол цэргийн сумын зэв хэлбэртэй байна. Энэ нь цэрэг эрс шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай. Их хар сүлдийн дээврийг монгол газрын 35 см голчтой гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимсэн. Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан байна. Сүлдийн дээвэр, туурга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бэлгэдсэн гэр хэлбэртэй, туурган дээрх наян нэгэн сүвэгч нь улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэднэ. Их хар сүлдийн залааг хар зүсмийн азарганы 40-60 см урттай хөхөл дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн. Залааг харьшгүй хатуу бат бөхийг бэлгэдсэн хар өнгийн хөхөл дэлээр хийсэн нь монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэднэ. Залааны гадуур хар дэлний үсээр хялгасан ханан сүлжээс гарган бүрж, бүч, бүслүүртэй холбосон. Бүч 55 см, бүслүүр 35 см урттай байна. Гол сүлдийн дөрвөн бүч, бүслүүр нь хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн эдээр хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн дор Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд оршихыг бэлгэднэ. Бүч, бүслүүрийн уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна. Энэ дөрвөн толь нь дөрвөн зүг найман зовхисоос учрах аюулыг сэрэмжлэн харж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэддэг.

Бусад мэдээ

Apr 10, 2024 412

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/