Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
Хийн өндөр орноос
Хийсгэлэн үүлний газраас
Бууж заларч, бутарч хөгж
Дээд тэнгэрийн язгуурт
Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
Дунд байхын оронд
Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
Үе бүтэн дээрээс
Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
Бөөн язгуурт бүлээрээн
Бөөм байсан узуураараан
Бөлөг байсан сүлбээрээрээн
Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
Асан түүхийг гүйцэлдүүл
Хэл зүрхийг хөдөлгө
Амь насыг бататга...
гэж дуудан урин бөөлдөг болжээ.
Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.