Уншиж байна...

Баабар гуай ээлжит нийтлэлээ бичжээ. Тэр хэзээд цаг үеэ мэдэрдэг, эмзэг талыг нь олж тоншдог, бас эргэлзээ, төөрөгдөл, хэрүүл маргаанд хутгадаг. “Халх голд хэн хохиров?” нийтлэл нь ч энэ жамаараа л бичигдэж. Тэрбээр дээрх түүхэн үйл явдлыг урьд өмнө тэр бүр өнгийж байгаагүй өнцгөөс нь сөхөж, зарим баримт дурдаж, тэр бүрдээ “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth) хэмээн давтан давтан онцлов.


Гэвч нийтлэлийн зарим дүгнэлт, баримтууд ихээхэн эргэлзээтэй, эргэлзээтэй төдийгүй илт мушгисан, хувийн субьектив хандлагадаа хэт автан, туйлшруулан тайлбарласан нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг Монгол орон даяар тэмдэглэхээр бэлтгэж, их бага ямар нэгэн хэмжээгээр монголчуудын үндэсний ухамсар, эх оронч үзэл сэргэн идэвхжиж буй энэ цаг үед эргүүлээд ус цацаж буй мэт болжээ.
.
***
1. Баабар ийн бичжээ. “Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байхаа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрлэдэг”.
Оролцсон хүн хүч, хамарсан талбай, үргэлжилсэн хугацаагаар нь дайн мөн бишийг нь тодорхойлдог уу? Цэргийн шинжлэх ухааны тогтсон нэршлээр ямрыг нь дайн, ямрыг нь тулалдаан гэдэг вэ?
Ердөө 38 минут үргэлжилж, хоёр талаас нийлээд 3000 хүрэхгүй цэрэг дайчид оролцсон, англи талаас нэг цэрэг шархдаж, нөгөө талаас нь энгийн иргэдийг оролцуулаад 500 хүн алагдаж шархадсан нэгэн үйл явдлыг дэлхийн түүхийн аль ч лавлах, тайлбар тольд "Англи-Занзибарын дайн" гэж / Anglo-Zanzibar War / Англо-занзибарская война / Guerra anglo-zanzibariana гэдэг. Гиннесийн номонд ч дайн хэмээн бичигдээд амжжээ. Энэ дайн 1896 оны 8 сарын 27-ны өглөөгүүр болжээ.
Харин Халх голд болсон үйл явдал нь:
- 1939 оны 5 сарын 8-аас 9 сарын 16 хүртэл 4 сар гаруй үргэлжилсэн нь Англи-Занзибарын дайнаас 4700 дахин урт хугацаанд болсон,
- Халх голд хоёр талаас 135 000 цэрэг дайчид оролцсон нь Англи-Занзибарынхаас 45 дахин их.
- Халх голд 33,420–95,768 орчим цэрэг дайчид амь үрэгджээ. /ЗХУ - Японы талын амь үрэгдэгсдийн талаарх мэдээлэл их зөрүүтэй байдаг/ Энэ нь Англи - Занзибарын дайнд эрсдэгсдийн тооноос 67-191 дахин олон.
- цэргийн техник, зэвсэглэлийн хувьд харьцуулах ч боломжгүй. Танк, хуягт, их бууны тоо мянгаар тоологдоно. Орчин цагийнхаа хамгийн шилдэг зэр зэвсэг, техникийг ашигласан. Агаарын хамгийн олон онгоц оролцсон тулаан Халх голын тэнгэрт анх удаа болжээ.
Цэргийн тооны хувьд ч, амь үрэгдэгсдийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч Халх голд оролцсоноос бага атлаа түүхэнд дайн / война / war / guerra / хэмээн тэмдэглэгдсэн үйл явдлууд цөөнгүй. Тухайлбал:
- Хар тамхины I дайн / Первая Опиумная война / First Opium War /-д хоёр талаас 90 гаруй мянга цэрэг оролцсон.
- Грек-Италийн / Italo-Greek War / дайнд 27 мянган цэрэг үрэгдсэн..
- Итали-Этиофийн дайнд 25 мянган цэрэг үрэгдсэн.
- Англи-Афганы III дайн 3 сар гаруй үргэлжилж, 3 000 хүрэхгүй цэрэг дайчид үрэгдэж, шархаджээ.
- Коста Рикагийн иргэний дайн / Costa Rican Civil War / 1 сар, 1 долоо хоног, 5 өдөр үргэлжилж, 2000 орчим хүн үрэгджээ.
Гэтэл хоёр талаас 2 сая гаруй хүн оролцож, 8 сар гаруй үргэлжилсэн Сталинградын тулалдааныг дайн гэдэггүйн учир юу вэ? Дэлхийн II дайны үндсэн том хэсэг болох ЗХУ-Германы фронтын хэсэгт болсон тулалдаан. Курскийн, Воронежийн, Киевийн, Москвагийн, Ленинградын гээд өөр олон томоохон тулалдаануудын л ижил Сталинградын тулалдаан нь том стратегийн нэг хэсэг. Гэхдээ хамгийн том, чухал хэсэг нь. Сталинградын тулааны цар зарим дайнуудаас хэдэн арав дахин том байгаа нь дэлхийн II дайны аварга цар хэмжээг илтгэнэ.
Тэгэхээр зөвхөн оролцсон хүн хүч, хохирол, үргэлжилсэн цаг хугацаагаар нь дайн, эсвэл тулалдаан гэж ялгах шалгуур үгүй байх нь.
1937-1945 оны хооронд Японы талаас Умард хятадыг эзлэн түрэмгийлсэн үйл явдлыг Япон-Хятадын дайн / Second Sino-Japanese War, 1939-1940 оны хооронд Финланд - ЗХУ-ын хооронд болсон үйл явдлыг Өвлийн дайн / Winter War гэх ба гэхдээ Дэлхийн II дайны нэг хэсэг гэж тооцдог ажээ. Гэхдээ л “дайн” гэдэг.
Тийм атал Гитлерийн Герман Хойт Африк, Польш зэрэг орнууд руу хийсэн довтолгоонуудыг мөн Сталинградын тулалдааны нэгэн адил дайн гэхгүй, довтолгоон / Invasion гэдэг байна. Бас Дэлхийн II дайныг эхэлсэн албан ёсны хугацааг 1939 оны 9 сарын 1-нд фашистууд Польшид халдан довтолсноор тооцдог. Гэтэл Япон-Хятадын дайн, Өвлийн дайн нь түүнээс өмнө эхэлж, зарим нь бүр дуусчихсан байв. Их дайны энд тэнд өрнөсөн саланги стратеги бүхий нэг хэсэг байх, бас дайны үндсэн үйл явдлын нэг хэсэг байх хоёрт бас ялгаа бий аж.
Хятад-Японы, ЗХУ-Финландийн дайнууд нь хэдий II дайны нэг хэсэг мөн боловч Станлинградын тулалдаан хийгээд германууд Хойт Африк, Польшид довтолсонтой харьцуулахад нэгдсэн том стратегийн нэг хэсэг бус, нэлээд бие даасан шинжтэй. Англи-Занзибарын дайн ч мөн дэлхийн колонийн дайны нэг хэсэг боловч бие даасан шинжтэй юм.
Англи-Занзибарын дайнаар Занзибар тусгаар тогтнолоо алдаж, колони орон болсон бол Хар тамхины дайнаар Манж Чин гүрний мөхөл эхэлжээ.
Эндээс дайн гэж нэрлэхийн нэг шалгуур нь харьцангуй бие даасан шинжтэйгээс гадна мөн ноцтой үр дагавартай, зарим нь бүр гарцаагүй түүхэн эргэлтийн гэж болохуйц үр дагавартай байгаа нийтлэг шинж байна. Хилийн мөргөлдөөн, тулалдаан, хэрэг явдалд тийм гүн гүнзгий шийдвэрлэх үр дагавар үгүй юм. Халх голын дайны өмнөхөн болсон Хасан нуурын тулалдаан ч, манай баруун хил дээр болсон Байтагбогдыг байлдаан ч улс орны хувь заяанд нөлөөлөхүйц цар далайцтай үйл явдал байсангүй.
Дээрх жишгээр үзвэл Халх голын дайн нь харьцангуй бие даасан шинжтэй, Өвлийн дайн, Япон-Хятадын дайны нэгэн адил “дайн” хэмээн нэрлэж болохуйц дэлхийн II дайны нэг хэсэг, зарим судлаачдын үздгээр II дайны удиртгал, “Зарлаагүй дайны оршил” ч болно.
Тэгэхээр зөвхөн цаг хугацаа, оролцсон цэргийн хүч, хохирлын хэмжээгээр Халх голын үйл явдлыг ч дайн биш ээ гэж хэлэх үндэслэл хангалттай биш байна.
Стратеги, үйл явдлын далайц, үр дагавар, нөлөөллөөр Халх голын дайныг дайн биш гэж үзэх үндэслэл бүр ч бага болно.
Олон улсын цэрэг дайн, улс төрийн бодлогын хэмжээнд,
- Газар нутгаа Уралын нуруу хүртэл тэлэх санаархал бүхий Танакагийн меморандиум бодит эсэхээс үл хамааран Еврази болон Номхон далайн бүс нутгийн уудам орон зайд ноёрхох Японы дайнч түрэмгий санаархал нэн бодит бөгөөд Халх голд анх удаа тэрхүү санаархалд хүчтэй цохилт өгчээ.
- Халх голын дайны үр дүнд 1941 оны 4 сарын 13-нд Москвад ЗХУ, Япон хоёрын хооронд гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээгээр / Пакт о нейтралитете между СССР и Японией/ 5 жилийн хугацаанд харилцан довтлолцохгүй байх үүрэг хүлээсэн нь ЗХУ дэлхийн II дайны үед хоёр фронтод зэрэг дайтах, байгалийн асар их баялагтай Сибир, алс Дорнодыг болон стратегийн нэн чухал Дорнод Сибирийн төмөр замыг хамгаалах боломжийг бий болгожээ. Энэ нь II дайны хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн. Японы тал ч хоёр талд зэрэг фронт нээхгүйгээр Хятад, Зүүн Өмнөд Ази, Номхон далайд чөлөөтэй дайн хийх боломжтой болсон. Зүрх зориг нь бадарч Сувдан эргийг / Pearl Harbor / хүртэл бөмбөгдөөд амжсан. /Гэхдээ хэрвээ Германууд Москваг эзэлж, Оросын хүчин сулрах тохиолдолд зүүн талаас нь товтлоход бэлэн, яг цөөвөр чоно шиг байдалтай/
Монгол Улс, монголчуудын хувьд Халх голын дайн нь
- хүчин буурай монгол орныг санаан зоргоор эзлэн, эрхшээлдээ орчуулчих боломжгүй, хүчирхэг хамгаалагч, өмгөөлөгчтэй болохыг санаархагч орон: Япон, Хятадад хатуу сануулга өгсөн. 1941 оны 4 сарын ЗХУ-Японы гэрээнд хавсаргасан тунхаглалаар Японы тал БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэж болохуйц нэн чухал үйл явдал болсон.
- аль 1915 оны үеэс л монголчуудын дунд Японыг дагаж хөгжих тухай санаархал өрнөж эхэлсэн ба энэ нь 1930-аад оны хэлмэгдлийн нэг үүсвэр шалтгаан болж байв. Халх голын дайны өмнө ч зүүн хил орчимд байсан цэрэг дайчдын дунд Японтой байлдаад дийлэхгүй гэсэн өөртөө үл итгэх байдал, айдас түгшүүр тодорхой байсан ба зарим цэргийн томоохон зүтгэлтнүүд ийм яриа гаргасны улмаас цэргийн шүүхэд татагдаж байжээ. Ер тэр үе хүртэл монголчуудын дунд, ялангуяа төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүдийн дунд Японыг дагах, ЗХУ-ыг дагах гэсэн хоёр үзэл санааны ялгарал тод байсан, Халх голын дайны үрээр энэхүү ялгарал үгүй болж, тууштай нэг талдаа гарчээ. Энэ нь Дэлхийн II дайны үед ЗХУ-ын талд тууштай, итгэлтэй байхад хүргэж, өөрийн бяцхан эдийн засгаас нь гарамгүй их хэмжээний тусламжийг ЗХУ-д нийлүүлж /ландлизингтэй харьцуулахад/, улмаар 1945 оны Чөлөөлөх дайнд ч ЗХУ-тай мөр зэрэгцэн оролцсон нь Монгол Улсын статус квог олон улсын түвшинд тодорхой таниулж, Сталиний хүчтэй дэмжлэгийн үрээр 1945 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдээр /Англи, Америк/ тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн. Цаг үргэлжид монголд санаархан шүлсээ савируулж байсан гоминданы болон коммунист хятадын амыг ч бас нам таглаж чадсан байна. Хятадууд Ар монголыг буюу одоогийн Монгол Улсыг Өвөр монголын нэгэн адил дээвэр туурган дороо нэгтгэж авахын төлөө хэрхэн улайран тэмцэж байсныг түүхийн олон баримтууд гэрчилдэг. Улмаар БНМАУ НҮБ-д элсэн, ТТ-оо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ нь Баабарын иш татаж бичсэнээр ЗХУ нь “Халх голын тулалдааны хүчээр өмнөд хөрш БНМАУ-ыг бүрнээ номхруулж, гадна ч, дотно ч талдаа ямар ч эсэргүүцэлгүй үнэнч боол болгож чадсан” явдал байсангүй. Тусгаар тогтнол гэдэг нь улс орны хувьд эрх чөлөө юм. Тэгвэл боолд эрх чөлөө олгох хэрэг юу билээ? Бид өнөөдөр тэр эрх чөлөөний буюу ТТ-ын үр шимийг хүртсээр яваа. (Соц системийн хүрээнд улс төр, эдийн засгийн хүчтэй интегралчлал байсныг, ЗХУ-ын ЭЗ-ийн болон улс төрийн эерэг болон сөрөг хүчтэй нөлөөлөл, нөмөр нөөлөг байсныг боолчлолтой хутгаж болохгүй юм.)
“Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth) гэдэг ч үнэн шүү.
Бодит байдал, түүхэн баримт, үр нөлөө ийм байхад Баабарын хэлснээр “Тэд” буюу БИД нь Халх голын үйл явдлыг “тулалдаан”, “мөргөлдөөн” хэмжээнд үнэлэхийг голох нь зүйн хэрэг юм.
Аль ч дайн, тулаанд оролцсон талуудад нийтлэг шинж байдаг нь өөрсдийн хохирлоо дарж, амжилтаа дөвийлгөдөг. Тэр бүү хэл өөрсдийгөө улайран зөвтгөдөг. Энэ жишгээр Зөвлөлт-Монголын тал өөрсдийн амжилтыг илт дөвийлгөсөн. Япон тал ч ялагдлаа дарсан, багасгасан. Тэр нь “Номунханы хэрэг явдал” гэхээр илэрдэг. /Нөгөө талаар Ази-Номхон далайн уудам оройн зайд өргөн царайтай дайн хийж байсан тэдний хувьд Халх голын үйл явдал нь жижигхэн харагдаж ч бас болно./ Тэр бүү хэл Японы тал Монголд халдан довтолсноо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, бүр умард хятадыг эзлэн түрэмгийлж, сая саяар нь алж байсныхаа төлөө өнөө ч Хятадын талаас хангалттай хэмжээнд уучлал гуйгаагүй, маргаан мэтгээн дагуулсаар байгаа болно. Ийм нөхцөлд ялагдсан талын илт багасгасан байр суурийг хүлээн зөвшөөрч, дайн болоогүй ээ, мөргөлдөөн төдий байсан гэх нь хэт явцуу туйлшрал, эсвэл бодлоготой тархи угаалт болно.
.
***
2. Баабар гуайн нийтлэлд “Монголын Засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчин (Зөвлөлтийн) 1936-37 онд орж ирэн байраллаа” гэжээ.
Харин тэр цаг үед ямар үйл явдал өрнөснийг эргэж харая.
- 1934 оны 10 сарын 21-ээс 12 сарын 2-ны хооронд Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д сар гаруйн хугацаанд хийсэн айлчлал үеэр Сталин нартай уулзахад “цэргийн довтолгооны аюул заналуудыг аль болох аргаар зайлуулахаар урьдаас сэргийлэх хэрэгт бие биестээ туслах ба мөн хэрэв БНМАУ ба ЗХУ-д гуравдугаар этгээд довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” гэсэн аман хэлэлцээ байгуулжээ.
- 1936 оны 1 сарын 9-нд болсон Монгол-Зөвлөлийн дээд хэмжээний уулзалт дээр Гэндэн “1935 оны 7 сард та бүхний явуулсан техникийн ангиуд бидэнд их хэрэг болж байна” гэсэн үг хэлсэн байдаг. Энэ нь тэр үед монголд өргөнөөр оруулж ирж байсан холбоо, газар тариалан, зам тээвэр, эмнэлэг, барилга бүтээн байгуулалтын техникийн тухай яриа биш, харин гагцхүү цэргийн техникийн тухай яриа юм. Сталин хариуд нь улаан армийн моторчилсон хоёр бригад бүхий хүчийг монголд оруулахаа мэдэгджээ.
- Манай төлөөлөгчдийг буцаж ирсний дараахан МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Гэндэн тэргүүтэй төлөөлөгчдийн тайланг хэлэлцээд, ЗХУ-аас цэргийн туламж хүсэхээр шийдвэрлэжээ. Үүнд, нэг: ...Улаан цэргээс тус улсын газар нутаг дээр моторчилсон бригад 2, дайран сөнөөгч онгоцны эскадриль 1, эдгээрийг нэн даруй хурдавчлан ирүүлэхийг хүсч явуулсугай. Хоёр:Манай улсын дотор байгаа улаан цэргийн ангиудыг хэвээр нь үлдээхийг хүсэх-ээр заажээ.
- Хүсэлтийг ёсоор болгосноо 1936 оны 2 сарын 1-нд ЗХУ-ын тал Монголд мэдэгдсэн байна.
- Дээрх уулзалт, яриануудын биелэл болж, 1936 оны 2 сарын 12-нд Улаанбаатарт БНМАУ, ЗХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д гарын үсэг зурав. Тэр үед Сталин “...Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. 1921 онд тусалсан шигээ тусална” хэмээн АНУ-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
- 1937 оны 8 сарын эхээр Япон, Хятадын хооронд дайн өрнөж, япончууд Датун, Жанчхүүг эзлэн авсан. Ийм нөхцөлд болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлж, уг оны 8 сарын сүүлээр ЗХУ-ын 17-р армийг Монголын нутагт оруулж иржээ.
Тэгэхээр ЗХУ нь Монголын засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчинг Монголын нутагт оруулсан гэдэг нь худлаа болно. Хэд хэдэн удаагийн уулзалт яриа хэлэлцээ, манай яаравчилсан хүсэлтийн үр дүнд багадаа л гэхэд моторчилсон хоёр бригад, нисэх онгоцны эскадрил бүхий хүч монголд орж иржээ. Моторчилсон бригад гэдэг нь тариа бригадын хэмжээний зүйл биш шүү дээ. 1936 оноос ч өмнө ЗХУ-ын цэргийн ангиуд Монголд байсныг, нэмж тодорхой хүч яаралтай илгээхийг манайхан хүсэж байсныг, Зөвлөлтүүд хүсэлт ёсоор ч болгон цэрэг илгээснийг дээрх баримтууд нотлоно.
Учир нь 1931 онд Япончуудын одоогийн хятадын умардын үлэмжхэн газар нутгийг эзлээд, 1932 онд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулж, далбаанд нь тэнд 1 сая хүнтэй Квантуны хүчирхэг армиа байрлуулчихсан байсныг тухайн цаг үед энхийг сахиулах үйл ажиллагаа гэж ойлгох ямар ч аргагүй юм. Нөгөө талаар 1935 оноос л Халх гол, Нөмрөг орчмоор хил зөрчсөн үйлдлүүд тогтмол гарч байсан тухай мэдээлэл манай хилийн цэргийн архив, үйл явдалд оролцсон ахмад дайчдын дурсамжуудад хангалттай бий. Ингэхэд тэдгээр баримтад эргэлзэх, үл итгэх ёстой юу? Бас Баабар гуай “Монголын талаас тулалдаанд 6 ба 8 дугаар морьт хороог оруулсан ба тэд орчин үеийн техник зэвсэгтэй япончуудтай байлдаагүй, Манж Го-гийн талынх гэх барга монголчуудын морин хороотой тулгарсан” гэжээ. Халх голын дайнд оролцсон хэдэн арван цэрэг дайчдын дурсамжинд баргатай биш, япон цэргийн хувцас өмссөн баргатай ч биш, үйлийн үргүй зүс буруу японтой л байлдсан, ноцолдсон, буудалцсан, ухарсан, дайрсан гэж гардаг даа. Тэдгээрийг сөхвөл энд багтахгүй, бүтэн ном болохоор арвин. Тэднийг бүгдийг нь худал гөрдчихжээ гэх ёстой юу? Сөрөг баримтууд гарч ирж буй бол харьцуулан судалж байж дүгнэх учиртайгаас биш, шууд л “Өө, энэ үнэн байна шүү дээ. Манайхан ёстой бүлтэрдэг байжээ” гээд гуяа алгадаад гүйгээд байх нь шинжлэх ухааны арга зүй лав биш ээ.
“Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
.
***
3. Мөн “Барга, халх хоёрын хооронд хилийн маргаан гэх юм байсангүй, адилхан монголчууд, ялгаатай нь 1907 оны нууц гэрээгээр нэг нь Японы, нөгөө нь Оросын мэдлийн бүс болсон. Сталин гэнэт хилийн маргаан гэгчийг санаачлав. Ингээд Манж Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээ Манжуур сууринд олон удаа болж тохиролцоонд хүрчээ. Японы зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлсэн нь хоёр хөршөөс яагаад ч зөвшөөрөхгүй алхам болов. Хэлэлцээрийг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон, харин түүнийг эргээд ирэнгүүт Москвад аваачиж буудан хороосон. Хилийн асуудлыг тохиролцож болохгүй, зөвхөн маргалдаад л гөжөөд байх ёстой аж” гэсэн өгүүлбэр Баабар гуайн нийтлэлд бий. Цаашлаад Япончууд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан, дайныг Япон биш, Зөвлөлтийн тал, Сталин санаачилсан гэх мэтээр үргэлжилнэ.
Халх, Баргын хооронд хилийн ямар нэгэн маргаан огт байгаагүй биш юм. Аль Манжийн үеэс Халхын сэцэн хан, болон одоогийн Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Баргын зүүн, баруун хошууны хооронд хилийн ужиграсан маргаан байсныг Япончууд зорилгодоо ашигласан.
1934 оноос Халхгол, Хайлаас, Нөмрөгийн сав газраар байнга хилийн зөрчил, маргаан үүсэж, зөвхөн 1939 оны эхний гуравхан сарын хугацаанд тагнах турших маягийн зөрчил 40 орчим бүртгэгдсэн баримт бий. Хилийн зөрчил хоёр талаас морь малын араас явах, хулгайлах, санаатай, санамсаргүйгээр төөрч будилах нь ч байсан, гэвч ноцтой нь цэргийн, тагнуулын зорилгоор хил зөрчих нь зонхилж байжээ. Тухайлбал, 1935 оны 1 сарын 24-нд 13:00 цагийн орчимд Халхын сүм орчмоор хилээс 20км-ийн гүнд япон, манжийн зэвсэглэсэн 17 хүн хилчидтэй тулгарч буудалцсан, манай талаас нэр бүхий хоёр хүн алагдаж, харин нөгөө талаас алагдагсад дотор алтан вагонтой, хоёр таван хошуутай, гуулин патлизтай офицер байжээ. Маргаантай, одоо ч нэг мөр эцэслэн шийдэгдээгүй Халхийн сүмийн, мөн 1935 оны 12 сарын 24-нд болсон Булан дэрсний томоохон хэрэг явдлууд ар араасаа гарсан байна.
Тэгсээр энэхүү хилийн маргаан будилааныг зохицуулах Монгол-МанжГо-гийн бага хурал нэртэй ч Японы тал шууд оролцсон, гурвалсан ч гэхээр хурал 1935 оны 6 сарын 3-нд Манжуур өртөөнд эхэлсэн. Гэвч МанжГо-гийн төлөөлөгчид “БНМАУ-ын нутагт байнга оршин сууж, чөлөөтэй явж, өөрийн засгийн газартай холбоо барьж байх эрх бүхий төлөөлөгч суулгах, үгүй бол Тамсаг сүмээс зүүн тийш байгаа цэргээ татах” гэсэн шаардлага тавьж, энэ нь манай эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн Монголын тал түр түдгэлзсэн. Японы талын шаардлагад нааштай хандсан гэдэг шалтгаанаар төлөөлөгчийн тэргүүний хувь заяа хэрхэснийг Баабар биччихсэн. Тохиролцож чадаагүй учир хурал завсарлаад 1935 оны 10 сарын 2-оос 11 сарын 25-ны хооронд дахин хуралджээ. Гэвч хоёр тал аль аль нь тавьсан саналаасаа ухраагүй тул Бага хурал мухардалд орж, завсарласан байна. Ганц манай тал гөжөөд байсан юм биш. Санал зөрсөн зүйл нь Монголын талаас хилийн маргаанийг шийдвэрлэхийн тулд бүрэн эрхт төлөөлөгчийн газар нэг нэгийг харилцан солилцох, манайх төлөөлөгчөө Манжуурт, Японы тал Тамсагбулагт суулгах санал тавьсан бол Японы тал, гурван төлөөлөгчийн газар байгуулж, Улаанбаатар, Баянтүмэн, Тамсагт Японы төлөөлөгч суух, манай төлөөлөгчидийг Чанчун, Хайлаар, Манжуур өртөөнд байлгах санал тавьсан байна. Манай тал мэдээж хэрэг Улаанбаатар, Баянтүмэнд тэдний төлөөлөгчийн газрыг байгуулах нь аюулгүй байдалд нэн эрсдэлтэй хэмээн үзэж зөвшөөрсөнгүй, харин нөгөө тал Улаанбаатар, Баянтүмэнд сууна гэдгээсээ ухарсангүй. Учир шалтгаан нь ч бараг тодорхой биз ээ. Ийм бэлээхэн баримт мэдээлэл байхад, зөвхөн Монголын талыг Сталины даалгавраар асуудлыг улам дэвэргэх гэж, хилийн асуудлыг эв зүйгээр тохиролцохгүйгээр гөжөөд байсан гэх үндэслэл бараг үгүй юм.
Хэдийгээр нийтээр мэддэг, манай түүхийн архив, лавлах, боть, номд бичигдсэн ч эдгээр баримтууд нь хоосон худал санаанаасаа зохиосон зүйлс биш, үгүйсгэх боломжгүй бодит баримтууд юм. Гагцхүү нэг баримтыг нь ор тас орхичихоор асуудал огт эсрэгээр харагддаг, тийм л аргыг Баабар хэрэглэдэг.
Япончууд гэмгүй номхон, зүв зүгээр байтал гэнэтхэн Монголчууд хил даван зөрчил үүсгэж, дайныг үүсгэсэн, тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулаагүй байсан гэх мэт суртал ухуулга өнөөдөр хүчтэй явдаг болсон. Үүнийг үгүйсгэх эх адаггүй олон баримт дурдаж болно. Гэхдээ эхлээд хоёр, гуравхан нь асуултад баталгаатай хариулт хэрэгтэй.
- 1936 оны 3 сарын 31-нээс 4 сарын 1-ний хооронд хэдэн арван машин, их буу, танк, хуягт машин, нисэх онгоц бүхий хүч манай хил давж, Адагдулааны застав руу довтолсныг манай монгол цэрэг дан өөрийн хүчээр тогтоон барьж, буцаан хөөсөн. Үүнийг орос цэргүүд япон цэргийн хувцас өмсөж, япон техник танк хэрэглэн довтолсон гэх баримт нотолгоо бий юу? Эсвэл манай заставын цэргүүд МанжГо-гийн хил рүү халдсан хэрэг үү?
- 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр хамтрах талаар пакт баримт бичигт гарын үсэг зурсны гол зорилго нь ЗХУ-ын эсрэг, улмаар холбоотон нь /Баабарынхаар боол нь/ болох Монголын эсрэг биш гэж үү? /Хожим 1940 онд Япон нь Герман, Италитай гэрээ байгуулсан/
- Ерөөсөө Япончууд өчүүхэн ч гэмгүй номхон байсан юм бол юугаа хийж 1939 оны 6 сарын 27-нд Монголын хилийн гүнд, Буйр нуураас 40 гаруй км, Халх голын Сүмбэрээс 70 гаруй км-т байх Тамсагбулаг, бүр цаашлаад Баянтүмэн, Дорнод аймгийн төвийг хүртэл ирж 150 гаруй онгоцоор, хэдэн зуун бөмбөгөөр бөмбөгдсөн хэрэг вэ?
- Японы үхлийн 731 анги 1939 оны 7 сард их хэмжээний янз бүрийн бактерийг яах гэж Халх голын усанд хаясан хэрэг вэ? Ариутгал хийх гээгүй нь лавтай.
- Япончууд монголд довтлох ямар ч санаагүй байсан юм бол тэдний цэрэг техникийн их хүч нь 1939 оны 7 сарын 2-оос 3-нд шилжих шөнө Халх голыг зүүнээс баруун тийш Монгол орны нутгийн гүн рүү гаталж, Баянцагааны нуруунд үлийгээ хайж явсан хэрэг вэ? Төөрчихсөн хэрэг үү? Эсвэл Барга, Халхын хоорондох маргаантай нутгийг хүчээр тасалж авах гэсэн хэрэг үү?
- Япончууд тухайн цаг үеийн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүндэтгэж байсан аваас яах гэж Мана уулын хэсгийг гэнэдүүлэн довтолж, тэр чигт нь авч үлдсэн юм бол?
- Японы хуурай замын ерөнхий штаб боловсруулж, эзэн хааны Төв штаб нь 1941 оны 9 сарын 6-нд баталсан Kantokuen /Сибирский поход японской армии/ гэх төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөөгөөр Москваг германчууд эзлэнгүүт Амар мөрний уудам сав газар болон Монголын зүүн хэсгээр /Үүнд Улаанбаатар орно/ довтолж, Байгал далай хүртлэх газар нутгийг богино хугацаанд эзлэх, улмаар баруун тийш үргэлжлүүлэн довтлох, тэгэхдээ хими, бактерлиогийн зэвсгийг өргөн ашиглахаар тусгагджээ. Төв штабынх нь 1941 оны 12 сарын 3-ны 1048 тоот тушаалд "Оросын эсрэг довтолгооны бэлтгэл ажлыг эрчимжүүлж, 1942 оны хавар довтлоход бэлтгэ"-ийг тушааж байжээ. Энэ төлөвлөгөө огт худал зохиомол зүйл байсан хэрэг үү? Танакагийн меморандиумын адил?
- 1946 оны 5 сарын 3-наас 1948 оны 11 сарын 12 хүртэл Токиод хуралдсан цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн, монголын талаас гэрчээр оролцсон олон улсын шүүх хурлын шийдвэрийг хэрхэн үзэх вэ? Тэр шүүхээр япончуудыг хилс хэрэгт тулгаад яллачихсан болох уу?
БНМАУ-ын Засгийн газар Японы талаас авах “дайны төлбөрөөсөө” татгалзсаны хариуд 500 сая иений мөнгөн тусламж хэлбэрээр шийдэгдэж, 1981 оноос ажиллаж, Монголын эдийн засагт төдийгүй Япон, Монголын харилцаанд ч үлэмжхэн үүрэг гүйцэтгэсэн Говь комбинат өнөө ч ажиллаж байгаа.
“Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
1990 оноос хойш манайд хамгийн бодит туслалцаа үзүүлсэн улс орон Япон. Түүх нь түүхээрээ, 39, 45 онд япон бидэнд дайсан болон харагдаж байсан үе бий. Хэдий суларсан ч 90 он хүртэл тийм хандлага арилаагүй байв. Харин одоо японыг шууд дайсан гэх сэтгэхүй монголчууд дундаас хайгаад ч олоход бэрх. /хувь хүмүүсийн харилцаанд гарсан асуудлаас үүдэлтэй янз бүрийн хандлага байдаг ч тэр нь түүхэн цаг үеийг тодорхойлохгүй/ Японтой одоо монголчууд зөвхөн ЭЗ төдийгүй соёл, нийгмийг олон салбарт үр дүнтэй өргөн харилцаатай байна.
Өнөө Халх голын дайны ойг тэмдэглэж байгаа нь Японыг дайсан гэж үзэх үзлийг дэвэргэх гэсэн сэтгэлгээ, хандлага ч биш юм. Түүх нь түүхээрээ үлдэг. сургамж, дурсамж, бас бахархал аль аль талд нь бий. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг байх аа.
Халх голын дайны ялалтыг шууд утгаар нь үгүйсгэх, тэр үгүйсгэлдээ Орос руу хамаг бурууг чихэх замаар асуудлыг шийдэх гэвэл түүн шиг хадуурал байж болохгүй л дээ. Баабарын санааг эсэргүүцээд байгаагийн шалтгаан нь энд бий.
.
***
Харбин хотын ойролцоо нууцаар байгуулсан алдарт 731-р ангийг дан ганц шинжлэх ухааны зориулалтаар байгуулаагүй нь тодорхой бөгөөд тус ангид хийж байсан хүмүүн бус туршилтынх нь золиосны гол байд зөвхөн хятад, оросууд байгаад зогсоогүй монголчууд ч өртөж байсан. Хохирогч гуалингуудын нэрсийн жагсаалтан дотор монгол хүний нэрс дурайтал бичээстэй бий. Монголын армиас сураггүй болсон 32 хүний хэд нь тийш очсоныг тааж мэдэхгүй. 731 отрядын аймшигт туршилт судалгааны тайланг нууцаар авсныхаа хариуд АНУ хүн төрөлхтний эсрэг хийсэн тэдний гэмт хэргийг шүүсэн шүүх хурлын үр дүнг саармагжуулж, гол гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн, зөвхөн эрдэм судлалын ажил байсан мэтээр харуулахыг оролдсон нь ч бодит түүх юм.
Ялагдсан Японы тал өдий хүртэл Халх голын дайныг "Номун ханы хэрэг явдал" хэмээн ач холбогдлыг нь бууруулан нэрлэсээр ирснийг гарцаагүй зөв хэмээн хүлээн зөвшөөрөх нь юуны өмнө Халх голд амь үрэгдсэн 274-280, амь өрсөн тулалдсан 4860, шархадсан 678, сураггүй алга болсон 32 монгол цэргийн цус, хөлс, эр зоригийг зохих ёсоор үнэлээгүй, тэр цаг үеийн монгол түмний тусгаар тогтнолоо хамгаалах хүсэл эрмэлзлийг үгүйсгэсэн, түүхэн бодит үнэнийг мушгин гуйвуулсан болно.
Түүхэн судалгаа тэр бүр эцэслэн цэг тавигддаггүй, урагш ахисаар, шинэ ойлголт, шинэ үзэл хандлага, шинэ баримт материалаар баяжсаар байдаг, тэр хэмжээгээр танин мэдэхүй өргөжин тэлдэг нь зүй ёсны үзэгдэл. Харин олон эш баримтуудаас тодорхой хэсгийг нь тодруулах, бас нэг хэсгийг нь ор тас “мартах“ замаар улс төрийн үзэл санаа, ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх, тулгах хүлээлгэх нь шинжлэх ухааны танин мэдэхүй биш, биш байтугай бүр танин мэдэхүйд харш, тархи угаалт, үзэл суртлын дайн болно. Ийм дайныг Баабарын хамгийн ихээр эгдүүцэн, үзэн яддаг большевикууд, коммунистууд гарамгай хийсэн, бас түүний хамгийн ихээр талархан сайшаадаг коммунизмын эсрэг хүчин ч дутахгүй сайн хийсэн. Өнгөрсөн зууны дэлхий нийтийг хоёр лагерт хуваасан хүчирхэг үзэл суртлын тэмцлийн оролцогчид чухам хэн нь хэнийгээ гэхээргүй тархи угааж, пропаганда хийсэн дээ.
Хүйтэн дайн дуусаагүй ээ, өнөө хоёрдахь шатлалын хүйтэн дайн ид өрнөж байгаа. Энэ хүйтэн дайны талбар нь тархи, арга технологи нь тархи угаалт, зэвсэг нь мэдээлэл. Ийм нөхцөлд ийш тийш үсчиж, ханарч, туйлшрах нь тун осолтой. Өнгөрсөн үеэ гутааж, мушгиж, зүхэж байж дур тавьдаг гаж дон ч гэмээр хэтэрсэн туйлшрал бүр хэрэггүй.
.
***
Дашрамд, өнөө цагт “Бид яах гэж Оросыг дагав аа? Хэрвээ Японыг дагачихсан бол, эсвэл Швейцар лугаа адил дундыг барьчихсан бол ...” гэсэн гоншигнуур үгс ямагт сонсогддог болсон. 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр коминтерний эсрэг пакт хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан, 1940 оны 9 сарын 27-нд Япон нь Гитлерийн Герман, Муссолиногийн Италитай холбоотны гэрээ байгуулсныг, энэ гурвал нь 20 гаруй улсын оролцоо бүхий Тэнхлэгийн хүчний гол тулгуур болж байсныг санах хэрэгтэй.
Түүхэнд “Хэрвээ...?” гэж байдаггүй гэдэг. Гэвч нэгэнт “Хэрвээ ...?” хэмээж буй бол мөн тэр логикоор нь хариу өгөх шаардлагатай болно. ХЭРВЭЭ бид Японыг 1930-аад онд дагасан бол буутай хятад цагдааг хараад далжгасхийдэг Төвдүүдийн, эсвэл хүн амынх нь 37,8 хувь нь хятадад уусан, хүн далайд живэн алга болж буй өвөрлөгч ахан дүүсийнхээ хувь заяаг давтах магадлал 99,0 хувьтай байсан гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Яагаад вэ гэвэл, дэлхийн II дайнд Япон ялагдахад тэднийг даган далдаганасан, ар шилд нь хутга шаасан Монголыг Сталин хөгцтэй шүдэндээ хэрхэн чанга зуухаа мэдэх байлгүй. Тэр хэзээ ч “Гадаад Монгол зайлшгүй тусгаар тогтнох ёстой”, “Хэрэв Хятад улс гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол ЗХУ алс дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй, тэгэхээр Хятад улс удтал Японд эзлэгдсэн хэвээр байх болно гэдгийг би та нарт тов тодорхой хэлж байна. Гадаад Монголын ард түмний тухайд гэвэл тэд Хятад улсад нэгдэхийг хүсэхгүй, бас ЗХУ-д ч нэгдэхийг хүсэхгүй, тэгэхээр тэднийг тусгаар тогтнуулах л болно” гэж 1945 оны 6 сард Москвад хэлэлцээр хийхээр ирсэн Хятадын Үндэсний гүйцэтгэх Юуаны дарга Сун Зы Вень, Гадаад хэргийн яамны сайд Ван Шице нарын хятадын төлөөлөгчдийн тэргүүнд хандаж хатуу бөгөөд тодорхой хэлэхгүй. Ялтын гэрээний үеэр АНУ болон Их Британын төрийн тэргүүнүүдэд мөн яг энэ агуулгаар шахалт үзүүлэхгүй байв.
Харин ч нойтон хамуу шиг Ар Монголоо авна гэж шалаад шалдаггүй Хятадуудад Японыг дагаж далдаганасан Монголын газар нутгийн 48-р өргөргөөс өмнөх хэсгийг нь тасдаж шидчихээд, арыг нь өөртөө хамаад авчихаж ч мэднэ. Бид 70 жил оросын нөлөөнд явсан атлаа өнөөдөр орос цусанд живчихсэнгүй, хэдий өртөг золиос ихтэй ч улс оронд байдаг нийгэм болоод улс ардын аж ахуйн бүхий л салбарын эх суурь тавигдсан тусгаар улстайгаа үлдэж чадсанаа зол гэж залбирах хэрэгтэй юм. Гэтэл Манжийн төрийн шинэ бодлогын үрээр 1900-аад оны үеэс Монгол нутагт хятад иргэд чөлөөтэй орох зам нээгдэж, ердөө 20 хүрэхгүй жилийн дотор Нийслэл хүрээний хүн амын 36 хувь, нийт хүн амын 22.5 хувь нь хятад болж, биднийг уусган алдсан гашуун түүхийг ч, одоогоос яг 100 жилийн өмнө 1919 онд хятад цэрэг Монгол оронд хүч түрэн орж ирж, манай ноёд цалин пүнлүүгээр барьцаалан Тусгаар тогтнолоо худалдаж, түүхэндээ анх удаа монголчууд тулгар төрийнхөө сүлдийг гудайлган, хятадыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан түүхийг ч мартаж болохгүй юм. Хэрвээ тэр 70 жилд хятадын нөлөөнд явсан бол юу болох байсныг төсөөлж хэлэхээс зүрхшээм.
Чухам 1939 онд Халх голд Зөвлөлттэй хамтран Японы эсрэг тулалдаж, нэг талдаа тууштай гарсны, II дайны турш найдвартай ар тал байсны, 1945 онд Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдсаны, бас ЗХУ-ын өмнөд өрд аюулгүй бүфэр бүс хэрэгтэйн тулд, Соц системд нь сул ч нэгэн бүл нэмж буйнх нь тулд Сталин Монголыг өмгөөлсөн, хамгаалсан, бас тусгаар тогтнолынх нь асуудалд хатуу зогсож чадсан юм.
Орос судлаачдын бичсэн номын зарим баримтыг олзуурхан Баабарын бичсэн нийтлэлийн ерөнхий агуулга нь Халх голын дайнд бид хохирчихжээ гэсэн санаа. Мана уулаа алдсан маань хохирол мөн. Гэвч Халх голын дайнаас Монгол улс тусгаар тогтнолоо авч үлдэх өргөн боломжийг олж авсан маань том хожил. Ерөнхий дүнгээрээ бид хожсон. Манжуур хийгээд Өвөрмонголын зүүн хойт хэсгийг бүхэлд нь хамарсан 1,5 сая гаруй км хавтгай талбай бүхий уудам, баялаг газар нутгийг дээвэр туурган доороо нэгтгэсэн Хятад том хожсон. Харин том хохирсон нь манж нар. Хэрвээ бид Японыг дагаж, Нармай монгол улс байгуулчихсан байсан аваас өдгөө зүүд зэрэглээ шиг, хөөс шиг санагдах болсон Манж-Го улсын гашуун хувь тавилан биднээс тойрохгүй. Мөн цаг үедээ Японы ивээлд ороод, Тусгаар болоод авахыг оролдсон, хамжлагаасаа салахын хүсээгүй Дэ вангийн болон өвөрлөгч Монголчуудын маань эмгэнэлт түүх ч гашуун, мартаж боломгүй сургамж. Манай Данзан нарын саналаар явсан бол юу болж дуусах байсныг МанжГо, Дэ Ван хоёрын түүх харуулна.
80 орчим улс орнууд татагдан орсон, 110 сая хүн зэвсэг барин биесийнхээ өөдөөс буудаж, 70 саяыгаа нухаж орхисон Дэлхийн II дайн болоод түүний өмнөх, хойнох цаг үе бол буурай нь байтугай бузгай гайгүй нь хүртэл Тусгаар тогтнолоо хамгаалахад хэцүү, ээдрээ будлиантай, улс орнуудын хувь заяа цөөхөн хэдэн их гүрнүүдийн дохио зангаагаар өөрчлөгдөж байсан эвгүй цаг үе байв. Тийм нөхцөлд 80 мянган ламтай атлаа 12 мянган цэрэгтэй, дэд бүтэц, аж үйлдвэр, боловсролын системийн сураг ч байхгүй монгол орны хувьд Швейцарь лугаа адил дундыг бариад хөгжчих боломж бараг 00 хувьтай, ялангуяа хятадын ховдог санаархлын ид оргил цаг үед бүр ч боломжгүй байв. Өнгөрсөн зуунд дэлхийг 2 хуваасан хүчирхэг системийн хуваагдлын гадуур, тэр дундаа үйл явдлын, нөлөөллийн бүсд буй Монгол орны хувьд соц системийн хүрээ, нөлөөлөлд орохоос өөр сонголт, зам байсан гэж үү? АНУ-ын монголч эрдэмтэн Христофер Этвүүд “Монголчууд тэнгэрээс удирдлагатай юм шиг, үйл хэрэг нь цаагуураа зөв байгаад байдаг” хэмээн ярьж байсныг чихээрээ сонсож суусан билээ. Хэдий 37 мянган ламаа хядуулсан ч, хэдий ЗХУ-ын нөлөөнд байж, Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүртдэг байсан ч, хэдий Баабарын логикоор бол “ямар ч эсрэгүүцэлгүй үнэнч боол” болсон ч, хэдий материалист үзэлд тулгагдан үндэснийхээ өв соёл, танин мэдэхүйгээс нэлээд хөндийрсөн ч XX зууны Монголын түүх нь бүхэлдээ зөв чигтэй явж ирсэн. Үр дүн нь өнөөдрийн сайн муу ч, хэрүүл тэмцэлтэй ч тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс. Төлбөргүй юм гэж байдаггүй, ялангуяа Тусгаар тогтнол бол хамгийн өндөр үнээр олддог, хамгийн эрхэм зүйл. Бид төлбөрөө ч хангалттай төлсөн. “Эрхэмлэж яваарай хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та бүхэн үлдээлээ” хэмээн итгэл төгс үлдээж чадсан өмнөх үеийнхний алдаа оноотой ч эрмэлзэл тэмцлийн утга учир үнэ цэнтэйгээ байгаа. Харин цаашид хэрхэхийг зөвхөн бидний эрүүл ухаан, зүрх сэтгэл шийдэх болно.
Зарим хэрэгт өвс мэт бөхийсөн ч зарим хэрэг уул мэт бат сууж чадсан, алдаж оносон ч авч үлдэхээ аваад үлдэж чадсан цөлх ухаантай өмнөх үеийнхнийхээ өмнө хүндэтгэн мэхийсү.
Б.Номинчимэд
/Жич: Баабарын уг нийтлэлд 1932 оны үйл явдлын Иргэний дайн хэмээн бичсэн байгаа. Бас л нэг хэтийдсэн туйлшрал. Яагаад ? Яагаад ? гэдэг талаар дараагийн нийтлэлдээ бичие/
.
Зураг: Манжуур Японы хуурай замын цэргийн Алс Дорнодод хийх цэрэг дайны төлөвлөгөө. 1941 он.
Баасангийн Наминчимэд
2019.08.16 ·

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/