Уншиж байна...

Домог нэг.
Нэг удаа Торой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал "Торой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ.


Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Торойгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Торой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Торой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Торой банди "Төрийн бөөс" хэмээн алдаршсан бөгөөд баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад "Торой өгсөн" "Торойгоос авсан" гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.
Домог хоёр.
Торой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэргүүд нэхэн хөөсөн гэнэ. Торой банди баригдахгүйн тулд зугтаасаар л байж. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ.
Торой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч мөн самбаатай эрс хойно, хэдийнээ мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад ихэд мэргэжсэн бололтой. Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ.
Гэтэл моринд сайн, арга самбаатай Торой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ. Ийнхүү цагдаа нарын мэргэн гэсэн арга нь Торойн хэцүүг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн буугаад л бас нэхэж гэнэ. Нэхээд нэхээд яахав дээ!
Торой банди бараа сураггүй арилж өгчээ! Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Торойн зам" хэмээн нэрлэдэг.
Домог гурав.
Торой банди бас нэгэн удаа арван тавны цагдаад мөн л хөөгдөж байв. Торой банди цагдаа нараас зугтсаар байгаад мориных нь хурд хүч муудсан гэнэ. Цагдаа нар ч гүйцэхээр ойртжээ. Гэтэл самбаатай сэргэлэн Торой банди их элсэнд ороод мориныхоо эмээлийг авч чөдөрлөж орхиод хэсэг үхэр байснаас нэгийг барьж унаад дээлээ эргүүлж өмсөөд цагдаа нарыг өөдөөс явж гэнэ.
Гэтэл цагдаа нар түүнтэй уулзаад "Торой аль зүг рүү гарав" хэмээн асуужээ. Торой хариуд нь "аа? Бүү мэд! Тоорой ч юм уу? Хэн ч юм бэ? бүү мэд, нэг ядарсан морьтой хүн урагшаа явж гарсан, тэр гүдгэрийн араар саяхан орлоо гээд алсыг заачихаад явчихсан" гэнэ.
Цагдаа нар одоохон Торойг барих минь гээд зөрөөд л ум хумгүй давхиж одоцгоожээ. Торой банди цагдаа нарыг тэгж хуурч өнгөрөөгөөд эргэж морио унаад зүг буруулан явжээ. Цагдаа нар үхэр унасан хүний зааснаар яваад яваад юу ч олсонгүй, бараа ч харсангүй тэр ч байтугай мөр ч олж үзсэнгүй гэнэ.
Тэд хуурагдсанаа мэдээд түрүүчийн газраа ирэхэд үхрээс өөр юм байсангүй. Ингээд орой болж нар жаргаад цагдаа нар буцаж Торой банди тэднээс мултарч чаджээ.
Домог дөрөв.
Торой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Торой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ. Бас энэ нүхний мухрыг нь үзээгүй байгаа.
Ийм л хоёр юм чаддаггүй улс даа гэж хэлэв. Ингээд Торой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье!
Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхөөд явчихна. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдоггүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад энгэр цээжиндээ дүүртэл нохой боорлож, сандрахдаа "чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ.
Морь нь эмээлтэйгээ эзэн Торойдоо давхиад ирж, Торой ч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ.
Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж сууж гэнэ. Ээ зайлуул! Тэгэлгүй яахав!? Ноёнтонд хоол унд орон байр... гээд их л хал болж байна гэнэ. "Ноён" /Торой/- тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж.
Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. "Ноёнтон" дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад өөрөө, унтаа мэт байсан чинь өглөө сүйд майд болжээ. "Ноёны морь алга”, "хулгайч алга", "мөнгө алга" хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй болж дээ!
Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Торой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.
Домог тав.
Хүрэхгүй, очихгүй газар үгүй байсан Торой банди өөрийн цаашдын хувь заяаг мэргэлүүлж зам мөр, хэтээ болгоолгох бололтой говийн их мэргэн ноён хутагтынд нэгэн удаа хүрэлцэн очиж ороход Ноён хутагт "Шагайт" зооглон сууж байсанд Торой мэнд амрыг нь асуун суужээ.
Гэтэл ноён хутагт Торойгоос үг ч хүлээлгүй, "Шагайт"-ынхаа шагайг мулт мушгаад нэг хоёр орхитол "морь" босчээ. Ноён хутагт тэр морио "морь" чигт нь Торойд үг хэлэлгүй өгөөд санасанчилан уншлага залбирал үйлджээ. Түүнийг нь аваад Торой энэ мэргэн хутагт чиний амьдрал морин дэл дээр юм байна. Морин дээр хийморь чинь дэлгэрнэ. Морьтой нөхөрлө, морь чиний хань гэсэн айлтгал байна гэж ухаараад буцсан гэдэг..

Ganzorig Chuluunbor

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/