Алаг хуягаа хөдөрч
Алтан дуулгаан огшоож
Аян саарлыг жолоодно
Асар их тэнгэр сахиус
Алтан жолоогоон бариулж
Ахар насы минь уртатгаж
Алтан мэлмийдээн багтаана уу
Хөх тэнгэр хөвчилгэтэнгүүд минь
Хөрс Алтан дэлхий гүүцтэнгүүд минь
Хүйтэн хошуут малд минь
Хөшөө болж хайрла
Халуун хошуут малд минь
Хашаа болж мана
Ханат гэрт минь харж
Хадгалсан буяны минь манаглаж
Тоотой хэдэн толгойг минь
Тоглон харж, товчлон манаж хайрла
Уруултай амьтан уугаагүй
Улаан хонгор цайны дээж өргөж
Амтай амьтан амсаагүй
Амтат идээний дээж
Ширээ дүүрэн ямба
Ширдэг дүүрэн хунду тавьж
Ёсыг ёсолж
Ямбыг ямбалж
Хий хивис битэнгүүд минь
Хий салхин гүцтэнгүүд минь
Өргөн хормойгоо дэвсч
Өөхөн өвдгөө нугалж
Мөрт тань мөргөж
Замд тань залбирч байна
Заяа болсон тэнгэр сахиус минь
Харанхуйд минь гэрэл болж
Харцаганд минь живэр болж
Халтирсан газарт минь ивээлт болж
Харан сахиж яваат намайгаан
Харанхуй газар минь гэрэл болсон
Хан буурал тэнгэрүүд минь
Хурдан морины туурайнаас
Хурц жадын үзүүрээс
Зайлуулан соёрхож хайрла
Бүдүүн хус бөхөлзүүлж
Нарийн хус нахилзуулж
Ямба ёсы тань гүйцэтгэж
Яндар чимгий тань бүрэлдүүлж
Хошуутай билээв гэж өчиж байнав
Элгэн тал эмгэггүй
Толгой тал томуугүй
Тоотой насы минь
Товчилан харагтай
/1958 он. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ив багын ард Уйгур овогт 31 наст Даваажаваас тэмдэглэж авбаа. Харачинтай онгодоор бөөлдөг бөө. Эх нь Төмөрсүрэн удган, эцэг нь Маадын Ориг бөө. Уйгар онгодтой хүмүүн/