http://www.zoofirma.ru/

Вольф Мессингийн багийн нэр нь Волик. Польшийн бөглүү Гора-Кальвария тосгонд төрж өссөн. Ээж нь Сара гэж ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Харин аав Григорий нь цадиггүй архичин. Волик гурван дүүтэй. Ээж нь нөхөргүй юм шиг дөрвөн хүүхэдтэйгээ борви бохис хийлгүй ажиллах ба тэднийх маш сайхан саглагар алимны модтой. Алимны модноос арвин ургац хураавал илүү гарсныг нь зарж хэдэн төгрөг цааш нь хийнэ. Чадахгүй бол өвөлжин хоол хүнс муутай зутарна гэсэн үг.
Волик хүү шөнө зүүдэн өвчтэй юм. Шөнө гэнэтхэн сэрээд цонх руу очиж сар руу удтал ширтдэг байв. Ээж нь араас нь гэтэн очиж хүүгээ тэврэн авч, тайвшруулан оронд нь унтуулна. Ер нь зүүдэн өвчтэй хүмүүс онцгой авьяастай байдаг юм байна. Хүү өглөө сэрээд энэ талаараа юу ч санадаггүй байлаа. Хүүгийнхээ ирээдүйн талаар санаа зовсон Сара тосгоны ламтанд хандана. Ламтан цонхны наана хувинтай ус тавихыг зөвлөнө.
Шөнө дунд Волик зүүдэндээ цонх руу явж байгаад хөл нь усанд дүрж сэрнэ. Яагаад ус тавьсныг ээжээсээ асууна.
Нэгэн орой гэр бүлээрээ хоол идэн суутал Волик хүү идэж байсан талхнаасаа цааш нь хийн байна. Тэгээд босч үнээний саравч руугаа явлаа. Очоод хайртай ганц үнээндээ талх өгч "Хөөрхий минь чи биднийгээ үүрд орхих нь харамсалтай" хэмээн духыг нь илнэ. Гэтэл ээж нь ард нь яриаг чагнаж байсан юмсанж.
-Чи ямар нүгэлтэй юм ярьдаг хүүхэд вэ. Үнээ нь байхгүй болчихвол бид сүүгүй яаж амьдрах юм бэ хэмээн Воликыг толгой түрийгүй загнана.
-Мэдэхгүй ээ, ээжээ, үнээ маань маргааш өглөө үхнэ.
Ээж нь муу амтай хүүгээ зодох нь холгүй авирлана. Гэвч өглөө үнээ нь үхсэн байх нь тэр.
Воликыг аав нь алах шахна. Түүний харааж байгаагаар хүү нь хар амлаад ганц хайртай үхрийг нь хөнөөсөн байж таарах нь.
Хүү үхтлээ айна. Харин ламтан өөрөөр бодож байлаа. Хүүг зайдуу авчраад "Чи энэ тухай яаж мэдсэн юм бэ?" хэмээн асууна. Хүү мэдэхгүй, яагаад ч юм тэгж санагдсан гэж хэлнэ. Ээж нь "Наадах чинь эртээд нөгөө хэнийх гуай шатаж байна гээд байсан яваад очтол үнэн байсан" гэнэ.
Учрыг ойлгосон ламтан "Миний хүүд ер бусын авьяас байна. Үүнийг хэзээ ч буруугаар ашиглаж болохгүй. Чи одоо эндээс яв" гэж зөвлөнө. Хүү хар хурдаараа гүйн Берлиний галт тэргэнд сууна. Халаасандаа нэг ч төгрөггүй хүү тасалбар шалгагчаас зугтан сандлын дор хэвтэж байна. Гэвч тасалбар шалгагч орны дороос цухуйх хүүг олоод харчихгүй хаачихав.
-Тасалбараа шалгуул. Гараад ир.
Сандарсан хүү гарт тааралдсан цаасыг түүн рүү сарвайлаа. Тасалбар шалгагч
-Тасалбартай байж юунд наанаа хэвтээд байгаа юм бэ. Сул суудал зөндөө л байна даг хэмээн тасалбарыг цоолчихоод яваад өгнө.
Хожмоо энэ цагаан цаасны учир тайлагдана. Учир нь Вольф Мессинг хэнийг ч ховсдож чаддаг аугаа авьяастан юм. Тэр юуг ч юу болгон ховсдож харуулах чадвартай.
Берлинд ганц ч мөнгөгүй буусан Волик шууданд ажилд орно. Өглөөнөөс орой хүртэл захидал болон илгээмж зөөнө. Гэтэл нэг орой ухаан алдан унана. Хүү гурав хоног юм идээгүйгээс ийн унасан юмсанж. Түүний зүрх цохилохгүй байна. Хүү үхжээ. Түүнийг морг аваачина. Мөрөн дээрээ өргөж хөлдөөгч рүү чиглэж байсан ажилтан "Энэ хүү үхээгүй юм шиг л нугаларч байх юм. Үхсэн хүн хөшсөн байдагсан" гэхэд нөгөө нь "Удахгүй хөшнө дөө" гэнэ. Хүүгийн цогцсыг хөргөгчинд хийнэ.
Үүнээс гурав хоногийн дараа Берлиний авьяаслаг сэтгэл зүйч, мэдрэлийн эмгэгч судлаач Абель оюутнуудтайгаа моргийн хөргөгчинд орж ирнэ. "Дуртай цогцсоо гарган ирж шалтгаанаар үхсэнийг нь тогтоо" гэнэ. Энэ үеэр нэгэн оюутан Воликын цогцсыг гарган ирээд "Энэ хүү үхээгүй байна" гэж хашгирна. Хүү сэрнэ. Бүгд гайхна. Амьд байлаа гэхэд хөргөгчинд гурав хоног байна гэдэг байж боломгүй зүйл юм. Гэтэл Волик хүү ингэж хэдэн өдрөөр ч хамаагүй унтдаг авьяастай юмсанж.
Хүүгийн гоц авьяасыг олж харсан Абель "Чи манайд амьдар. Хоёулаа баяжнаа" гэж хэлнэ. Түүний бодлыг уншсан Волик "Та угаасаа баяжихыг мөрөөдөж ирсэн" хэмээн хэлдэг.
Ингээд тэд тоглолт хийж эхэлнэ. Тайзны голд болор авсан дотор Волик хэвтэх ба Абель "Энэ хүү дөрөв дэх долоо хоногтоо энд унтаж байгаа юм" гэнэ. Зарим нь хөлийн ул руу нь зүүгээр хатгаж үзнэ.
Үзүүлбэр сайжирсаар Вольф Мессинг хүмүүсийн бодлыг уншиж гайхшруулна. Тайзнаа хэн нэгнийг нь гарган ирнэ. Ямар нэгэн даалгавар бодохыг хүснэ. Тэрийг нь Вольф биелүүлнэ. Жинхэнэ шуугиан дэгдэнэ. Илбэчин Вольф Мессинг.
Нэгэн өдөр түүн дээр нэгэн хижээл насны эр ирнэ. Хүү нь "Гарч байна" гэсэн захиа явуулсан хэдий ч ирээгүй сар болж байгаа тухай хэлээд захиаг өгдөг. Вольф захиаг аваад "Энэ хүн үхсэн байна" гэдэг. Хүүг нь үхсэн байна гэж хэлэхэд уг хүн итгэхгүй "Муу новшийн еврей" хэмээн харааж байдаг. Харин хэсэг хугацааны дараа хүүгээ дагуулан хүрч ирээд Вольфоос уучлал гуйдаг. "Хүү чинь амьд байна. Би худал хэлсэн юмаа даа" гэхэд "Үгүй, та үнэн хэлсэн байна лээ. Хүү маань найзаараа энэ захиаг бичүүлээд өөрөө замд гарсан юм байна. Харин найз нь тэр оройноо усанд живээд нас барчихжээ" гэдэг.
Нэр нь алдаршсаар нэрт сэтгэл судлаач Зигмунд Фройд, Эйнштейн нартай уулзана. Фройд санаандаа даалгавар бодох ба Вольф хямсаа аван Эйнштейний сахлаас гурвыг сугална. Өвгөн эрдэмтэн элгээ хөштөл инээнэ. Эйнштейн уурлана. Вольф даалгаврыг амжилттай биелүүлнэ. Шинжлэх ухааны сод оргилууд Вольфыг хүлээн зөвшөөрч, бахдан биширнэ.
Вольф Мессинг бол далдыг харагч, үзмэрч хүн юм. Хүн түүнээс төрөл бүрийн юм асууна. Тэр огтхон ч түгдрэхгүй асуултад хариулна. Түүний нэр алдар Берлинээс халина.
Олон жилийн явдал суудлаас залхсан Абель тоглолт зохион байгуулагч, ганган эр Цельмейстертэй танилцуулна. Үүнээс хойш олон жилийн турш Цейльмейстртэй хамтран аялан тоглоно. Лондон, Парис, Буонес-Айрес гээд түүний яваагүй газар үгүй.
Бразильд тоглолт хийж байхад тайзнаа нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй гарч ирнэ. Бүсгүй санаандаа даалгавар гүйцэтгэнэ. Вольф "Үгүй ээ, би чадахгүй" гэнэ. Бүсгүй "Та чадна" гэнэ. Вольф ухасхийн хүүхнийг тэврэн авч уруул дээр нь үнсэнэ. Үзэгчид шаагилдана. Өмнөд Америкийн халуун бүсгүй Вольфид сэтгэл алдарчээ.
Нэгэн өдөр түүний өрөөнд Бразилийн хамгийн баян аж ахуйтан морилон ирнэ. Энэ баян хижээл эрийн үхэр Бразилийг өлхөн тэжээж дөнгөх юм. Тэрээр охин нь түүнд дурласныг дуулгана. Ингээд хангалттай мөнгө өгье, эндээс даруйхан яваач хэмээн гуйна. Гэвч Вольф эсэргүүцнэ. Тэрээр охинтой нь уулзан, баян эр Цельмейстер хоёрыг ярьж байх хооронд озолдон үнсэлдэж зогсдог. Тэд салах ёс гүйцэтгэжээ. Үүнийгээ аавдаа хэлнэ. Гэвч хэд хоногийн дараа бүсгүй өрөөндөө өөрийгөө буудан амиа хорлоно. Ингээд тэндээс явахаас өөр аргагүй болно. Түүний амьдралд хэд хэдэн бүсгүй байсан. Тэрээр нэгэн хөлгүй баяны эхнэрийг алсаас ховсдон өөртөө дурлуулж, хайрын захиа бичүүлдэг ба улмаар буудалд амраглаж байгаад нөхөрт нь гардуулж байдаг.

Тэднийг аялан тоглолт хийж явахад нэгэн увайгүй эр тэднийг шантаажлах гэж оролдоно. Энэ бол Канарис юм. Тэрээр Бразиль явах усан онгоцонд Вольфтой тааран түүнийг ихэд зовооно. Канарис ааваасаа багахан хөрөнгө өвлөн авсан ч түүнийгээ үрж бараад, баахан хүнээс зээл аван мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлд үрж дуусжээ. Өр нэхэгдэхийн зовлонд унасан тэрээр Өмнөд Америк руу зугтаж яваа юм. Тэрээр Вольфоос казиногоос их хэмжээний мөнгө хожиж өгөхийг гуйна. Хожоод өгвөл дахин хэзээ ч мөрийтэй тоглохгүй хэмээн андгайлна.
Казино руу ороод рульетний 0 дээр байгаа бүх мөнгөө тавь гэж хэлнэ. Канарис "Би энэ мөнгөө алдчихвал ямар ч мөнгөгүй хоцорно шүү дээ" хэмээн үглэсээр тавьсан биш тэр өдрийн хамгийн өндөр хожлыг авна. Казиногийн босс "Та өнөөдөр хожих болсоон. Алийн болгон хожигдох билээ" хэмээн. Ингээд Вольфыг хөзөр тоглохыг хүсдэг. Вольф хоёрхон таталтаар 100 франкаа 100 мянган франк болгон хожно. Казиногийн босс түүнийг илбэ жатга ашиглан хожсон хэмээн үзэж хожлыг хүчингүй болгохыг оролдоно. Гэвч тэд зүтгэсээр мөнгөө авч гарна. Хөл нь газар хүрэхгүй баярласан Канарис Вольфид хожлын мөнгөнөөсөө 40 мянган франк өгөх гэж оролдоно. Цаадах нь авахгүй гэнэ. "Би хэлсэн амандаа хүрч чамд тусаллаа. Дахин тантай таарахгүй гэж найдаж байна" хэмээдэг. Ингээд "Та казиногийн боссоос болгоомжлоорой. Цаадах чинь нэг юм бодчих шиг боллоо" гэдэг. Хожмоо энэ нь тодорхой болж Канарисыг хөлгөөс буунгуут гудамжинд хөлсний алуурчид отож байдаг. Буугаа гаргахаас нь өмнө Канарис хоёуланг нь цааш харуулаад гудамжаар орон алга болно.
Тэд явсаар Берлинд ирнэ. Ганусен гэж том биетэй авьяасгүй үзчмэрчтэй танилцана. Танилцана ч гэж дээ, Ганусен Вольфыг хамтарч тоглохыг гуйх ба зөвшөөрөхгүй болохоор нь янхан хөлсөлж байгаад хүчингийн хэрэгт холбогдуулах гэж оролдоно. Далдыг хардаг хүн яг тэр үеэр нь цагдаа дуудахаа мэдэлгүй яахав дээ. Үзүүлбэрээ үзүүлж яваад Гитлертэй уулзана. Тэрээр түүний хүсэлтээр Гитлерийн арми ирэх жилүүдэд Польш, Парис, бүх Европыг эзлэхийг хэлнэ. Гитлер ганц бах нь ханан инээнэ.
Ингээд нэгэн тоглолт дээрээ "Хэрэв Гитлерийн арми дорно зүг рүү дайрвал сөнөнө" хэмээн ам алдана. Энэ нь Гиббельсийн чихэнд хүрэх ба хилэгнэсэн Гиббельс тэднийг даруйхан авчрахыг тушаана. Гэвч Ганусен амиараа дэнчин тавьж тэднийг машинаараа оргуулдаг. Гитлерийн гарын үсэгтэй нэвтрэх бичгээр тэд Польш руу зугтдаг. СС-ийн штандартенфюрер болж дэвшсэн Канарис Ганусенийг нохой шиг буудаж орхидог.
Тэд явсаар Польшид ирнэ. Польш нутаг нь хөвгүүдээ сүр жавхлантай угтан авна. Харин хилэгнэсэн Гитлер "Вольфыг авчирсан хүнд 250 мянган франкын шагналтай" гэх зарыг түгээнэ. Тэд нэгэн гүнгийн гуйлтаар зураачийн дүрд хувилан шилтгээнд нь очиж үе дамжин ирсэн үнэт зүүлт алга болсон хэргийг мөрдөнө. Ажилтнуудын хэн нь ч аваагүй байдаг. Харин тэнд ухаан муу нэг хүү байдаг. Вольф тэр хүүгийн бодлыг л уншиж чадахгүй байдаг. Иймээс өөрийн зүүлтээ сэмхэн тавиад цоожны нүхээр харж байтал хүү зүүлтийг аваад баавгайн чихмэл рүү хийж байдаг. Баавгайн чихмэлийг ухтал нөгөө алга болсон зүүлт болон олон тооны үнэт зүйлс гарна. Гүнтэн хөл газар хүрэхгүй баярлаж байдаг.
Польш улс Гитлерийн армид эзлэгдэх үеэр тэд Варшавт явж байгаад Канарист баригдана. Зугтаах гэж оролдсон Цельмейстер болон туслах хоёрыг нь Канарис гудамжинд буудаж орхино. Шоронд хоригдсон Вольф ховсдох аргаа ашиглан бүх шоронгийн хүмүүсийг өөр дээрээ дуудаж байгаад өөрийнхөө өрөөнд хийн бүгдийг нь түгжиж орхиод оргодог. Ингээд Орос руу зугтана гарна.
Хил дээр түүнийг хилчид барина. Хилийн штабын хурандаатай уулзангуутаа тэрээр цэргүүдийнх нь дэргэд "Таны охины чинь зүрх муу байгаа юм байна. Та одоохон Москва явж мэс заслын алдарт эмч ... -ээр мэс засал хийлгэвэл илаар болно" хэмээн хэлнэ. Мэл гайхсан хурандаа цэргүүдийг гарахыг тушаан "Охиных нь тухай хэнээс сонссоныг асууна". Гоц авьяасыг нь мэдрэнгүүтээ Берия руу утасддаг. Ингээд хурандаа охин, Вольфыг аван Москвад Берия дээр ирнэ. Берия түүнээс Дотоодын аюулаас хамгаалах газраас ямар ч бичиг баримтгүй гараад, буцаж орж ирэх даалгаврыг боддог. Бодлыг нь уншсан Вольф өрөөнөөс нь гарна. Түүний араас хоёр офицер даган явдаг. Давхар бүрт байрлах олон тооны харуулууд Вольфыг ажиг ч үгүй явуулсаар байв. Гайхаж хоцорсон хоёр офицер нэгэн харуул дээр очин "Саяны хүний бичиг баримтыг яагаад шалгасангүй вэ?" гэхэд "Сая миний хажуугаар хэн ч өнгөрөөгүй шүү дээ" хэмээн бат нот хэлж байдаг. Гайхсан хоёрыг дагуулсаар Вольф газраас гараад яг тэр аргаараа буцан Бериягийн өрөөнд орж ирдэг. Берия түүний тухай тэр даруй Сталинд мэдэгдэнэ.
Уулзуутаа Сталин нэгэн хоосон цаас өгөөд "Хажуугийн Хадгаламж банкнаас энэ цаасаар 100 мянган рубль аваад ир" гэдэг. Вольф гарах ба араас нь Дотоодыг хамгаалахын хоёр залуу үг дуугүй дагана. Вольф банкинд ороод хоосон цаасаа банкны ажилтан бүсгүйд үзүүлэхэд өнөөх нь
-Та бэлнээр нь авах юм уу? хэмээгээд ногоон ууттай бөөн мөнгө өгнө. Вольф мөнгийг аваад банкнаас гарахад мэл гайхсан хоёр залуу өнөөхийг нь шүүрч аван банк руу ороод банкны ажилтанд үнэмлэхээ үзүүлэн
-Та энэ хүнд ийм хоосон цаасаар 100 мянган рубль өгчихөж байгаа юм уу? хэмээн зандарна. Цаасыг харсан бүсгүй ухаан алдан унана.
Вольф Орост 35 жил амьдарсан. Энэ хоорондоо өөрийн цорын ганц хайрт болох Айда Михиайловнатай танилцана. Тэд хамтдаа аз жаргалтай 16 жилийг үддэг.
Энэ хооронд Вольф Сталинд Германы арми 1945 оны 5 дугаар сард бут цохигдоно гэдгийг хэлдэг. Сталины бах нь ганц ханана. Берия үүнийх нь төлөө Вольфыг цааш харуулчих уу гэж Сталины уурыг хүргэж байдаг.
Үзмэрч хүн өндөр ёс суртахуунтай байх ёстой аж. Тэрээр нэг л удаа худал хэлж байсан. Нөхөр, таван хүүгээ дайнд үдсэн эмгэнд "Бүгд амьд байна" хэмээн худал хэлдэг. Тэгээд Айдад уйлан хайлан байж "Би анх удаа худал хэлчихлээ. Би түүнд бүгд алдагдса байна" гэж хэлж чадсангүй гэдэг.
Мөн үзмэрч хүн хэзээ ч мөнгөнд шунах гэх мэтээр гоц авьяасаа буруу зүйлд ашиглаж болдоггүй аж. Бага байхад нь ламтан энэ тухай түүнд "Үүнийгээ буруугаар ашиглавал маш том нүгэлд унахыг" сануулж байдаг.
Эхнэр нь нас барсны дараа Вольф ихэд ганцаардан шанална. Түүний амьдрал ганцаардлаар дүүрэн байсан. Тэрээр сүүлийн 16 жилийг эс тооцвол гэр бүлийн хайр халамж, халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй олон улс орноор хэрэн тэнэж байсан. Энэ нь түүнийг маш аз жаргалгүй нэгэн болгосон. Нас барсных нь дараа түүний гэрийн авдарнаас 200 мянган рубль гарсан ба энэ нь тухайн үеийн ханшаар 20 сая ам.доллар байжээ.
Тэрээр хэзээ ч мөнгөний төлөө, баяжихын төлөө байсангүй.
Үргэлж хүн ардад туслахыг эрмэлздэг байлаа. Түүнийг хаана ч явсан хүмүүс хуйлран дагадаг байсан. Бие нь муу байсан ч тэр хүн бүрийн асуусан зүйлийг ямар ч үнэ хөлсгүй хэлж өгдөг байв. Ийм нэгэн бодит хүний тухай өгүүлсэн "Сталиний үзмэрч Вольф Мессинг гэж..." номын тухай товчхон, маш товчхон өгүүлэхэд ийм байна. Өөрсдөө уншвал бүр сонин байх биз ээ.