Нарандаа залбирал хийдэг энэ өдөр ӨМӨЗО-ийн Улаанцав хотын харъяат Дөрвөд хошууны Номгон хайрханыг Монгол бөөгийн зайран Ганзориг уламжлалт бөөгийн зан үйлээр тахилга хийлээ.
Дөрвөд хошуу нь байгалийн тогтоц, хөрсний шинж чанар, чулуулаг тогтоц, ургамал бүрхэвч нь их онцлоготой. Дөрвөд хошуугаар аялах үед зам дагуу таарах маш олон овоотой бөгөөд нутгийн хүний ярихаар 100 гаруй тахилгатай овоо байдаг байна. Тухайлбал Юань улсын үед Хубилай хаан тахиж байсан сүрлэг сайхан Хан-Уулын овоо Дөрвөд хошууны нутагт оршдог ажээ. Дуулга уулнаас эртний цэрэг дайчдын эд хэрэгсэл болох дуулга, дайчин эрсийн араг яс зэрэг археологийн олдвор олдсоор байгаа нь Дөрвөд хошууг Монгол туургатны түүхэн жимийн үлдэгдэл, цаг хугацааны үргэлжлэл гэдгийг улам илтгэх мэт санагдана.
Малчид өөр өөрийн гэсэн бог бод мал маллах соёл уламжлалаа өвлөн хадгалж байгаагаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэлэг арга хэлбэрийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлжээ.