Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов.
Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залууд бүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ. Бид өмнө ирж үзэж байсан гэдгийг мэдээгүй бололтой, орчуулагч залуу ямагт хагас дутуу үзвэр үзүүлээд буцахаар санаа гаргаж байлаа.