2013 оны 5 дугаар сар 25-ны өглөө манайхан эртлэн босцгоосон байлаа. Өглөө бүхний түрүүнд Тэнгэрээ шинжиж ямархуу өдөр байхыг харж билээ. Тэнгэр битүү үүлтэй байлаа. Бид буудалласан газраас хөдөлж 2 км орчим яваад сонгосон газраа ирлээ. Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа.
Өглөөний 7.00 цагийн үед Жаргалант хан хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Даринчулуун тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ. Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв. Онгод урианхайн олон түмэн, тахилгад хүрэлцэн ирсэн Дархадын бөө нарт хүндэтгэл хайрлав. Их хайрханд Хөх морь сэтэрлэж өргөв. Тэр үед цугласан олон морь даган бужигнаад явчихав.