Хүн аль болох сэтгэл хөдлөл (EQ), бодол(IQ) хоёроо тэнцвэржүүлэн амьдарвал тайван амгалан байж зөв зохистой шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл сэтгэлээ чагнангаа бодлоо удирдах нь амьдралыг илүү аз жаргалтай болгодог аж.
Сэтгэн бодох ухаан (IQ) нь хүний амьдралдаа олох амжилтын зөвхөн 20%-г бүрдүүлдэг бөгөөд бусад 80% нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварт байдаг. Тэгвэл Дэниэл Гоулманы сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах тухай “Emotional intelligence” номын EQ танин мэдэх, амьдралд хэрэгжүүлэх тал дээр анхаарахад түлхэц болох онцлох 10 зөвлөгөөг хүргэе.
1. Сэтгэл хөдлөлөө таньж хянаж байх хэрэгтэй. Бидний юу бодох, хэлэх, хийх мөн түүнчлэн шийдвэр гаргах, мөрөөдөх, төлөвлөх бүхэнд бидний сэтгэл хөдлөл нөлөөлж байдаг.
Тиймээс өөртэйгөө болон хүмүүстэй харьцахдаа, ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөө анзаарч байх хэрэгтэй. Ууртай үедээ шийдвэр бүү гарга гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй зөвлөгөө бөгөөд “Ямааны мах халуун дээрээ” буюу хэрүүлтэй үедээ асуудал шийдэх нь тийм ч оновчтой арга биш ажээ.
2.Хүнд “сэтгэл хөдлөлийн” тархи байдаг. Энгийнээр бол хүнд 3 тархи байдаг. Бага тархи нь хамгийн түрүүнд үүссэн бөгөөд амьсгалах, тэнцвэр олох гэх мэт автомат үйлдэл хариуцдаг. Дунд тархинд сэтгэл хөдлөл, санах ойн үйлдлүүд явагдах ба их тархи нь сэтгэн бодох, төлөвлөх, логик сэтгэлгээг удирддаг. Дунд тархинаас эх авч 100 сая гаруй жилийн өмнөөс их тархи үүсэж эхэлсэн гэж эрдэмтэд барагцаалдаг.
Харьцуулахад дунд тархи нь 360 сая гаруй жилийн өмнөөс сүүн тэжээлтэнгүүдэд үүсэн, их тархинаас олон зуун сая жилийн турш бидний өвөг дээдэс болох сүүн тэжээлт амьтдыг удирдан, амьд явах, сүргээ олох, үржих зэргийг зохицуулж ирсэн. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхэд мөн энэ дарааллаар тархи нь бойждог бөгөөд эргэцүүлэн бодох, ухамсарлах, сэтгэл хөдлөлөө (биеэ) барих зэргийг үйлддэг их тархины хөгжил дунджаар 25 нас хүртэл үргэлжилдэг ажээ. Тиймээс хүүхэд байхад сурсан сэтгэл хөдлөлүүд хүнд гүнзгий үлдэж насанд хүрч бойжтолоо сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах нь олонтой. Заримдаа насан хүрсэн хүмүүс ч хүүхэд мэт аашлах нь сэтгэл хөдлөлдөө дэндүү захирагдсаныг илтгэнэ.
3. Сэтгэл нь гадаад орчин, өөрт тохиолдож буй зүйлийг тусган авах мэдрэмжээс үүснэ. Мэдрэмжийг бид сэтгэл хөдлөлийг удирддаг тархи болох дунд тархиндаа хамгийн түрүүнд тусган авч санах ойдоо тулгуурлан сэтгэл хөдлөл болгох бөгөөд дунд тархинаас тухайн сэтгэл хөдлөлд тохирсон үйлдэлд оруулах гормоныг ялгаруулж биеийг эзэмдэж удирддаг. Хүний бие физиологи ихэнхдээ гормоны нөлөөнд байх бөгөөд тайван амгалан байх гутрангуй үзэлтэй байх зэрэг нь өөр өөр гормон ялгаруулдаг тул аль болох биеийг сэргэг, эрүүл байлгах гормон ялгаруулахын тулд сэтгэл хөдлөлдөө анхаарал тавьж удирдах хэрэгтэй.
4. IQ болон EQ-ийн тэнцвэрийг олох нь зөв шийдвэрт хүргэнэ. Араатан амьтан шиг биш эсвэл хиймэл компьютер шиг биш байх нь хүний IQ болон EQ тэнцвэрээ олох дээр тогтдог. Сэтгэл хөдлөл нь биднийг юунаас айж болгоомжлох, юунд итгэж найдах, юуг идэж болохыг хормын зуур шийддэг байхад сэтгэн бодох нь тухай бүрийн боломж, үр уршгийг харьцуулдаг. Шийдвэрийн чухал яаралтайгаас шалтгаалан аль тархиндаа илүү найдахаа мэдэж сурах нь сэтгэл хөдлөлийн ухааны нэг хэсэг. Хүн ядарсан, стрэсстсэн үед их тархины үйл ажиллагаа саармагжиж сэтгэн бодох, тунгаан ажих чадвараа гээж сэтгэл хөдлөлөөр асуудалд ханддаг. Нөгөө талаараа их тархиндаа ачаалал бага өгөх тусам сурах, ойлгох, сэтгэх чадвар муудаж мөн л сэтгэл хөдлөл нь гол шийдвэр гаргах суурь нь болно. Ажил амралтаа тохируулах нь цаашлаад хүн сэтгэл хөдлөл болон оюун бодлоо тэнцвэржүүлэх чадвартай байхад чухал нөлөөтэй.
5. Бурхны шашны сургаалууд нь үндсэндээ EQ-г заадаг. Буддын шашны тэргүүн гэгддэг Далай багшийн үндсэн сургаал нь Тайван бай, Нигүүлсэнгүй бай гэдэг. EQ өндөртэй буюу тайван хүн сэтгэлийнхээ гүнд өөртэй итгэлтэй буюу тухайн хүний оршин тогтнох аюулгүй байдал нь хир барaгийн гадны нөлөөнд автахгүй гэдгийг ухамсарласан байдаг. Аз жаргалын мэдрэмж нь хүний биеийг тайван амгалан байдалд оруулж хир баргийн гаднын нөлөөнд гайхах, уурлах, гуниглахын эсрэг бие махбодийг бэлддэг.
6. Нигүүлсэнгүй байх нь бусдыг ойлгож өршөөх сэтгэл. Өөрийгөө аз жаргалтай байлгаснаар тайван амгалан болж тайван байдал нь эргээд аз жаргал авч ирдэг. Өөрийгөө хайрладаг хүн ихэвчлэн аз жаргалтай, тайван байх бөгөөд бусдын жаргал зовлонг өөр дээрээ мэдрэх эмпати чадвартай байдаг. Эмпати чадвартай хүмүүс бусдыг ойлгож бусдад өөрийгөө ойлгуулахдаа гарамгай байдаг. Хүмүүсийг ойлгодог хүн тэр болгон бусдыг шүүж буруушаахгүй, хамтрах эсвэл холдох арга замаа олдог. Хүмүүстэй ойлголцож чаддаг хүн асуудал шийдэх, амжилт гаргах ба бусдыг манлайлах давуу талтай.
7. Тайван хүн эго-гоо дарж чаддаг. Хүний тархины гол зорилго нь хүний бие физиологийг амьд байлгах. Үүний тулд үргэлжид аюул заналаас хамгаалах сэрэмж хэрэгтэй бөгөөд энэ нь сэтгэл хөдлөлд эго болж хэрэгждэг. Эго-н сайн тал нь өөрийгөө хамгаалах, үнэлэхэд байдаг ч сөрөг тал нь бусдаас өөрийгөө илүүд эсвэл дутуу үзэх, салан тусгаарлахад байдаг. Тайван бус стрэссдэж сандарсан, санаа зовнисон хүн өөртөө итгэх итгэлээ алдан эго-н сөрөг талаар түлш хийж амьдардаг. Эд баялаг, мөнгө хөрөнгө, албан тушаал, бусдын бишрэл хүндлэл хүртэх хураах хүсэл нь хүний амьд явахаа бататгах гэсэн эго-гоо тэжээх гэсэн оролдлого болдог. Гэвч эдгээр тус бүр нь өөрийн гэсэн асуудал, эрсдэл, айдас дагуулах нь олонтой. Үүний оронд хүн тайван байх нь хамгийн том давуу тал, баялаг болно.
8. Сэтгэл хөдлөлийн тархи нь хүүхэд төрөхөд бүрэн бүрэлдсэн байдаг бөгөөд насанд хүрэх хүртлээ төлөвшдөг. Тийм учраас нярайгаас авахуулаад бүрэн дунд сургууль төгсөх хүртэлх насны хүүхдийн EQ боловсрол маш чухал. EQ боловсрол дээр анхаардаг гэр бүл, сургууль, орчинд бойжсон хүн өөртөө итгэлтэй, зоригтой, зөв шийдвэр гаргадаг, өөрийн гэсэн бодол байр суурьтай, өөдрөг, тууштай, өөрийгөө тайвшруулах чадвар өндөртэй байдаг тул аз жаргалтай байхын үндэс болдог гэж үздэг.
9. Ганцаардах нь сэтгэл санаа, бие физиологид гүнзгий сөрөг нөлөөтэй. Гэр бүл, найз нөхөд, хамт олны дотно дулаан харилцаа хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөлд чухал нөлөөтэй бөгөөд ганцаардах нь өөрийг нь хамгаалах сүрэггүй, амьд явахад нь аюул учирсан мэт мэдрэмж хүний сэтгэл зүйд төрүүлдэг. Ганцаардал нь тамхи татахаас дунджаар 2.5 дахин хүний биед хор нөлөөтэй бөгөөд хүний сэтгэл хөдлөлд хурцаар нөлөөлснөөр эмгэгийн байдалд оруулж сэтгэлээр унах, цочир аашлах, улам бүр ганцаардах шийдвэр гаргах зэрэгт хүргэдэг.
10. Насанд хүрсэн хүмүүс ч сэтгэл хөдлөлийн ухаанаа сайжруулах боломжтой. Хүмүүстэй харьцах харилцаанд сөрөг байдал гарсан тохиолдолд тухайн хүний оронд өөрийгөө тавьж түүний сэтгэл хөдлөлийг ойлгох, түүний тухай эерэгээр бодох, асуудал хурцадсан үед завсарлага аван тайвшрах зэргээр харилцаагаа үр дүнтэйгээр удирдах EQ ухаанд суралцан, уншиж судалж, лекц семинарт суухыг зөвлүүштэй.